МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.03
Хууль, эрх зүй

Ё:Баатарбилэг: Засгийн газрын баталгаа орон нутаг дээр ямар байх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.03\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Олон жил яригдсан Төр хувийн хэвшлийн тухай хуулийн төсөл орж ирж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед нийгмийн салбарын олон асуудал шийдлээ хүлээгээд байж байгаа. Хувийн хэвшлийнхэн  төрийн ачаанаас үүрэлцээд хувийн хөрөнгө оруулалтаар орон нутагт тодорхой ажлуудыг хийе, хэрэгжүүлье гэж санал, санаачилга гаргадаг. Гэвч хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс болж төслүүд хэрэгждэггүй. Цаг үеэ олсон чухал хуулийн төсөл орж ирж байгаа юм. Хуучин төр хувийн түншлэлээр дэд бүтцийн болон улс орны томоохон төслүүд дээр үйлдвэр, аж ахуйн байгууллагууд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр явж байсан бол одоо төрийн үйлчилгээний салбар луу орж ирэх гэж байна. Үүнийг дэмжиж байгаа.

Алслагдсан аймаг, сум  дахь төрийн үйлчилгээний байгууллагууд соёлын төв, биеийн тамирын заал гэх мэт тухайн суманд хэрэгтэй байгаа нийгмийн үйлчилгээний салбарууд руу хувийн хэвшлүүд тооцоолол, судалгаагаа гаргаад хөрөнгө оруулалт хийгээд урт, богино хугацаанд орон нутаг, төртэйгээ хамтраад ажиллая гэсэн хаалга  нээгдэж байна гэж ойлгож байгаа. Энэ зөв үү, буруу юу? Тухайлбал, Архангай аймагт нэг театр ашиглалтад ороогүй 10 гаруй жил болж байна. Хувийн хэвшил үүнийгээ өөрсдөө бариад, ашиглаад явах хууль эрх зүйн орчин бүрдэж байна уу? Цаашлаад төртэйгээ хамтраад төрийн үйлчилгээ үзүүлээд явах боломж байгаа юу? Мөн үүн дээр үнийн дүнгийн хязгаар байгаа юу. Засгийн газрын баталгаа орон нутаг дээр ямар байх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ