2022.06.03
Хууль, эрх зүй

Х.Болорчулуун: Хууль батлагдсан гарснаар хэрэгжилтийг Сангийн яам хянах уу, Эдийн засаг, хөгжлийн яам хянах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.03\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Төр хувийн хэвшлийн тухай хууль батлагдан гарах гэж байна. Энэ бол бизнесийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад хэрэгтэй хууль. Бүх юмыг төрөөс, төсвөөс хийе гээд хийж чадахгүй, том бүтээн байгуулалтыг олон жил сунжруулдаг асуудал амьдрал дээр байдаг.

Дэд бүтэц, барилга, зам, автомашин гээд үйлчилгээний салбарт хүртэл нэвтэрч өргөн хүрээг хамарна. Тэгэхээр энэ хуулийг чамбай гаргах ёстой. Олон улсад сайн хэрэгжиж буй төр хувийн хэвшлийн түншлэлээс жишээ, туршлага авах хэрэгтэй. Ямар ямар улс орны хуулийг хамруулж хэрэглэсэн бэ? Гадаад улс оронд хурдны замаас эхлээд  стратегийн замыг хувийн хэвшлийхэн хийгээд төр, хувийн хэвшлийн байдлаар ажилладаг. Тэр жишгээр манайх бас ажиллах ёстой гэж бодож байна.

Тухайлбал, томоохон чиглэлийн замыг баривал хураамжийг төрөөс тогтоох уу?  Хөрөнгө оруулалт хийсэн компани өөрөө тогтоох уу? Хөрөнгө оруулсан учраас эргэн төлөлтөө хувийнхан тооцолно шүү дээ.

Дорнод аймгийн Хавиргын боомтын 130 км зам олон жил дуншлаа. Энэ жил төсвийн хөрөнгөд 24 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч тодотголд ороод 2-3 тэрбум болчихсон. Үүнээс төр төсвийн мөнгийн санхүүжилтээр энэ замыг барьж чадахгүй байгаа нь харагдаж байгаа юм. Энэ зам ачаалалтай байдаг. Хил нээвэл жилдээ олон мянган машин, 130 мянга гаруй хүн зорчдог зам. Үүн дээр хувийн хэвшлийхэн бид замаа барья, хураамжаа өөрсдөө тогтооё гэвэл болох уу? Хувийн хэвшил дотроо дан  Монголчууд биш гадныхан байвал болох уу? Үүнийг тусгасан эрх зүйн зохицуулалт, баталгаа байна уу?

Хууль батлагдсан гарснаар хэрэгжилтийг Сангийн яам хянах уу, Эдийн засаг, хөгжлийн яам  хянах уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ