Н.Учрал: Гэр бүл болж "тоглодог" байдлыг зогсоож, хүүхдийн тэтгэмжийг нэмэх нь зөв
2022.06.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Гэр бүл болж "тоглодог" байдлыг зогсоож, хүүхдийн тэтгэмжийг нэмэх нь зөв

УИХ-ын гишүүн Н.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Гол заалт нь хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийнх нь орлогын 50 хувиар тооцож авахаар заасан байна. Та энэ заалтыг дэмжиж байна уу?

-Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг би санаачлаад өнгөрсөн парламентын үед олон хэлэлцүүлгүүд зохион байгуулж байсан. Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж тогтооно гэдэг санаачлагыг гаргаад тухайн үед хэлэлцүүлж байсан. Тимээс энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Орлоготой нь дүйцүүлж нэмэгдүүлснээр үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Одоо бол орлоготой нь дүйцүүлэхгүйгээр тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй нь холбогдуулаад, цалингийн доод хэмжээтэй нь уяад явж байгаа шүү дээ. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Орлоготой нь дүйцүүлж, тэтгэмжийг нэмэх эмэгтэй гишүүдийн санаачлагыг дэмжиж байна.

-Үүнийг эсэргүүцэж, хор уршигтай гэж үзэх хэсэг байна. Хамгийн наад зах нь орлогоо нуун дарагдуулах эрсдэл үүсэх вий гэх хэсэг байна?

-Ажлын хэсэг дээр ярина биз. Одоо бол долоон буудлын Должин ч адилхан, түүнээс илүү орлого олж байгаа нь ч адилхан хүүхдийн тэтгэмжид 100 гаруйхан мянган төгрөг өгч байна. Ер нь бол гэр бүл хариуцлага байх ёстой. Гэр бүлийн хуулийн дагуу гэрлэгчид гэрээ байгуулах ёстой. Гэр бүл болж тоглодог байдлыг зогсоох ёстой. Хүүхэд хохирох ёсгүй. Тэтгэмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгж байж хариуцлага нэмэгдэнэ.


-Таны өргөн барьсан хуулийн төсөл яг яасан юм бэ?

-Хэлэлцүүлгүүдийг нь явуулаад Засгийн газраас санал авсан. Өнгөрсөн парламентын үед хэлэлцүүлж байгаад орхисон байсан. Эмэгтэй гишүүд санаачилсан учраас үүнийг нь дэмжээд явна. Заавал миний санаачилсан хуулийг дахиж хэлэлцэх шаардлагагүй, энэ хуульд нь саналуудаа оруулаад явъя гэж бодож байна.

-Хамтран амьдрагчийн асуудлыг бас хуульд тусгаж өгсөн гэсэн. Хамтран амьдрагчид яг гэрлэлтээ батлуулсан хостой адил үүрэг, хариуцлага хүлээх ёстой биз дээ?

-Ер нь шийдэх ёстой асуудлын нэг. Гэр бүлийн хуулийг бүхэлд нь өөрчлөх ёстой. Хууль зүй дотоод хэргийн яамнаас шинэчилсэн найруулгыг нь боловсруулж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэр бүлийн хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд баталж гаргах ёстой. Өнөөдөр гэр бүл болсон бол, хүүхэдтэй болсон бол тэтгэмжийг нь олгох нь зүй ёсны хэрэг.

-Тэтгэмжээ өгөхгүй байгаа учраас данснаас нь шууд татдаг болгоё гэж заасан юм байна. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-Зүүн Өмнөд Азийн орнуудын гэр бүлийн хуулиудыг судалж байсан. Данснаас нь татдаг. Гэр бүлийнх нь хуулинд ийм хөшүүргүүдийг оруулаад өгвөл хариуцлага нь нэмэгддэг юм билээ. Гэр бүл болох нь маш том хариуцлага байдаг. Эргээд хүүхдийг хохироодоггүй юм билээ. Маш сайн хөшүүрэг.

-Энэ хуулийг яагаад ингэж 23 жил дорвитой өөрчлөхгүй, Засгийн газраас хуулиа оруулж ирэхгүй ингэж их удаад байгаа юм бол?

-Би өнгөрсөн 23 жилийн түүхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн бүрэн эрхийн хүрээнд парламентын гишүүнийхээ үүргийг ухамсарлаад хуулийг санаачлаад, хэлэлцүүлэг хийж байсан. Тухайн үед Засгийн газраас миний хуулийг зарчмын хувьд дэмжиж байсан. Эмэгтэй гишүүд санаачилж байгаа учраас ажлын хэсэг нь байгуулагдахаар орж ажиллаад, дэмжээд явна.


-ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛД 500 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭЛДЭЖ БАЙНА-

-Эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах, хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Эмийн чанар муу байгаа нь аудитын тайлангаар ил болсон гэсэн. Яг ямар дүн гарсан юм бэ?

-Эмийг үйлдвэрлэж байгаа процесс нь олон улсын чанар стандартад нийцэж байна уу гэтэл 80 хувь нь нийцэхгүй байна гэдэг аудитын дүгнэлт гарчихаад байгаа юм. Эмийг үйлдвэрлэж байгаа процесс стандартад нийцэхгүй байна гэдэг бол маш эрсдэлтэй. Тэгэхээр бид энэ асуудлыг эргэж хараад нийгэмд, зах зээлд нэр нь ижил мөртлөө чанар нь муу байгаа эмүүдийг жагсаалтыг эргэж хараад, тухайн эмийг хангаж нийлүүлж байгаа, үйлдвэрлэж байгаа байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг ч ярина.

Дээрээс нь эмийн жагсаалтыг эргэж харах ёстой. Эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд өөрөө шинэчилдэг эрхийг нь олгох ёстой. Мөн эмнэлгийн дарга нар өөрсдөө шаардлагатай эм, эмнүүдийг олон улсын аль ч орноос татаж авах бололцоог бүрдүүлэхгүй бол маш их хүнд суртал бий болж байна. Иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.

-Эмний чанар муу байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнуудын чадвар сайжирч байгаатай санал нийлэх үү?

-Эмч, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа алба хаагч нарын чадвар, чансаа хэнээс ч дутахгүй, олон улсын түвшинд нийцсэн байна. Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг дээр ажиллаж байхад манайд эрхтэн шилжүүлэхийн олон багууд амжилттай ажиллаж байна. Харин эм үнэхээр чанаргүй.

-Манай эмийн зах зээлд хэчнээн тэрбум төгрөг эргэлддэг юм бэ?

-Манай зах зээл дээр олон улсад хэрэглэхээ больж, шаардлага хангахаа больсон олон эм зарагдаж байна. 500 орчим тэрбум төгрөгийн зах зээл эргэлдэж байна. Энэ зах зээлийг эргэж хараад, эмийн жагсаалтыг эргэж харна гэдэг нь олон улсад хэрэглэхгүй байгаа эмүүдийг жагсаалтаас гаргана гэсэн үг. Үр дүнгээ сайн өгдөг эмүүдийг жагсаалтад шинээр оруулах ёстой. Эмийн зах зээлийг бүхэлд нь буруутгаж, чанаргүй байна гэж болохгүй. Эмийн салбарт мафи, бүлэглэл байна гэж маш олон жил ярилаа.

Үнэн үү, үгүй юу гэдгийг шалгах ёстой. Монголд өвчин намдаах эм уухаар үйлчлэхгүй, БНСУ, Японд очихоор үйлчлээд байна гээд иргэд яриад байна шүү дээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох ёстой. Олон улсын шаардлага хангасан эмийн лабораториудад шинжлүүлэх ёстой. Монголд л гэхэд топ арван эмийн жагсаалт гарсан. Энэ жагсаалт олон улсын зах зээлд нийцэж байна уу. Чанар нь сайн байна уу гэдэг дээр дүгнэлт гаргаж чадах юм бол энэ зах зээлээс чанаргүй эмүүдийг гаргаж чадна.

-Манай улсад эмээ шинжлэх лаборатори байхгүй. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?

-Бид лабораторио сайжруулах ёстой. Эрүүл мэндийн сайд “Лаборатори байхгүй, зарим урвалжаа таньж ялгаж чаддаггүй” гэж хэлж байсан. 2015 онд Мэргэжлийн хяналт дээр байгуулсан эмийн лаборатори өнөөдөр тоног төхөөрөмж нь эвдэрсэн гэж байгаа юм. Бид Эмийн агентлаг байгуулчихсан. Гэтэл энэ агентлаг нь эрүүл мэндийн салбарынхаа доор ажиллаж байгаа юм. Тиймээс эргээд хяналт тавина гэж байхгүй. Тиймээс мэргэжлийн хяналт, Эмийн агентлаг нь ямар эрх, үүрэгтэй байх ёстойг ялгаж, салгах ёстой.

Түр хороо дүгнэлтээ гаргаад, УИХ-д танилцуулаад шаардлагатай төсөв мөнгийг нь дараа жилийн төсөвт суулгаад ирэхээр лаборатори нь ч чанаржаад, эмүүдийнхээ чанарыг дүгнэж чаддаг болоод ирнэ. Ингэвэл Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсгээс энэ салбарын хуулиудын эрх зүйн шинэчлэлийг хийгээд явахад бүтцийн болон тогтолцооны хувьд зөв гольдиролдоо орно. Хүн ардынхаа эрүүл мэндээр бизнес хийх биш, эрүүл мэндийн төлөө эмийнхээ чанарыг сайжруулж, энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулахын төлөө хамтарч ажиллана.

Түр хороо салбарын хуулийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах юм. Бид шинжээчийг томилно. Олон улсын байгууллагатай ажиллана. Экспертүүдтэй ажиллана. Шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулна. Үнэлнэ, дүгнэнэ. УИХ-ын тогтоолын төсөл санаачилна. Дараа жилийн төсөвт санхүүжилт суулгахад анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ