МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.07

Г.Дамдинням: Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагууд хамтарсан дүгнэлт гаргаж, танилцуулах хэрэгтэй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022, 06, 07/ өдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Монгол улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүхий л институцын хүрээнд хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, Монгол хүн дотоодынхоо хоол хүнсээр хангагддаг байх тухай асуудлыг ярьж байгаа. Үүний хамгийн чухал хэсэг бол өсвөр үе, Монгол орны ирээдүй болж байгаа сургууль, цэцэрлэгт бойжиж байгаа хүүхдүүдийн хоол хүнсний асуудал. Эрдэмтдийн судалгаагаар хоол, хүнсний хангамж бий болгосноор өөрөөр хэлбэл үдийн хоол, цай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүдийн сургалтын чанар огцом нэмэгдсэн үр дүн гарсан. Дотоодод болон гадаадад. Тиймээс үүн дээр манай байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Монгол улсын Их хурлаас 05-дугаар сарын 19-ний өдөр баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажлаад явж байгаа. Явцын дунд тайлангаа нэг удаа танилцуулсан. Ажлын хэсэгт цааш үргэлжүүлэн ажиллах үүргийг байнгын хорооны даргын зүгээс өгч байна. Энэ ажлын хэсэг ажиллахдаа дараах зүйлсийг анхаармаар байна.

Хоолны зардлын норматив хэмжээг өсгөх хүрээнд ямар арга хэмжээ авах вэ? Хууль эрх зүйн орчинд, Засгийн түвшинд, яамны түвшинд ямар арга хэмжээ авах вэ гэдэг чиглэлд анхаарах хэрэгтэй. Хүнсний хомсдол, түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлөх юм их байна. Энэ чиглэлд зоорийн аж ахуй эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд ямар урамшууллыг өгч байх ёстой юм. Төрийн зүгээс үүнийг хэрхэн дэмжих вэ?

Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлын талаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох бусад төрийн байгууллагуудын хүрээнд хамтарсан уулзалт, зөвлөгөөн ажлуудыг хийж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийнхээ хүрээнд байнгын хороонд танилцуулах хэрэгтэй.

Мөн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн хоолны асуудлыг бид нар орхигдуулсан байна. Эхний ээлжинд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үе шаттай төсвийнхөө хэмжээнд бий болгоё гээд бага ангиуд дээр төвлөрөхөөр нөгөө хэсэг нь хаягдаж буй асуудал байгаа юм. Яам, ажлын хэсэг үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ