МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.06.16
Улстөр

“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан.

Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн хэмээн танилцуулав.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд 2008 онд “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмаар Төрийн ордны хамгаалалтын бүсийн хэмжээ хязгаар, Төрийн ордонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтуудын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордонд нэвтрэх албан хаагчдын хувцаслалтын код болон хамгаалалттай холбоотой бусад харилцааг журамласан.

Уг журам нь батлагдсанаас хойш зарим төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мөн Төрийн ордны хамгаалалтын бүрэлдэхүүнд орж байсан зарим хэсэг нүүж, нөхцөл байдал цаг үеэ даган шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн зэргийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Тогтоолын төсөлд Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүнтэй уулзах, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөх асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар Төрийн ордны хамгаалалтын бүсийг хумьж, олон нийтэд нээлттэй болгох гэж байгааг дэмжиж байгаа. Төрийн ордон руу иргэд чөлөөтэй нэвтрэх, тодорхой хэмжээгээр танилцах боломжийг илүү нээлттэй болгох нь зөв. Гэхдээ заавал УИХ-ын тогтоол гаргах нь хэр зохимжтой юм бол. 2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар журам батлан хамгаалалтын бүсийг тогтоон журамласан юм билээ. Дахин хамтарсан ажлын хэсэг гаргаад журмаар зохицуулаад явбал болохгүй юу хэмээн тодруулсан.

Тогтоолын төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын тайлбарласнаар, Монгол Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан бөгөөд Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдсан юм байна. Уг тогтоолоор Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоосон байна. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа аж. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байгаа гэлээ. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газраас үүсээд буй дээрх нөхцөл байдлыг дурдсан хүсэлтийг ирүүлсэн гэдгийг тайлбартаа дурдсан.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ