2022.06.20
Орон нутгийн хөгжил
Эрүүл, аюулгүй, иргэнд ээлтэй амьдрах орчин бүрдүүлж өгөөч
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч иргэдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, санал хүсэлтүүд, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нь 1965-1972 он хүртэл одоогийн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорин, 1972-1978 онуудад 24 дүгээр хорин, 1978-1992 онуудад 18 дугаар хороо гэсэн нэршилтэй яваад 1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо болон үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус хорооны нутаг дэвсгэр буюу одоогийн Хайлаастын 13 дугаар гудамжны 274 тоот хашаанд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Х.Чойбалсан оршин сууж байсан.
Иргэдээс илэрхийлсэн зарим санаа бодлыг товчхон дурьдвал
- Эрүүгийн хуулиар олон хүн ял завшиж байна. Манай эхнэр гэмт хэргийн улмаас хохирч, 13 удаа хагалгаанд орсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаасан, нэг ч төгрөгний хохирлоо барагдуулж чадаагүй. Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах санаачилга гаргаж өгөөч гэж хүсэж байна.
- Өндөр настан н.Ганбаатар: Насаараа НДШ төлчихөөд, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэх гэхээр хурууны хээ уншдаг машин ажиллахгүй байна гээд хүлээлгээд л байдаг, хүлээлгээд л байдаг. Иргэний үнэмлэхээр энэ хөнгөлөлтөө эдлүүлж болдоггүй юм уу.
- Гэр бүлийн хууль хэзээ шинэчлэгдэх вэ? Олон жил ярилаа. Иргэнд ээлтэй зохицуулалтууд оруулмаар байна.
- Ус, түлээ, нүүрс гээд бүх юмаа уул руу зөөж амьдарч байна. Гал команд, эмнэлэг бүгд манайд ирдэггүй. Зам харгуй янзалж өгөх боломж байна уу. Эрүүл, аюулгүй, иргэнд ээлтэй амьдрах орчин бүрдүүлж өгөөч гэж хүсэж байна.
- Өндөр настан: Бид насаараа НДШ төлсөн ч бага тэтгэвэр авч байна, амьдралд хүрэлцэхгүй байна. Бид нар чинь хөгшин хонины насгүй улсууд шүү дээ. Тэтгэврийн зээлийг хүүгүй болгож өгөөч.
- 2020 оны мөрийн хөтөлбөртөө нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, хуримтлалын нэгдсэн санг үүсгэнэ гэж байсан. Энэ ажил, мөрийн хөтөлбөрт тусгагдсан бусад ажлууд ямар шатандаа явж байгаа вэ?
- Цалин бага учраас чадвартай залуучууд төрийн албанд ажиллахгүй байна. Харин чадвартай залуусыг авч, цалинг нь нэмээд, орон тоог цомхотгомоор бна.
- Та авилга, хээл хахуулийн эсрэг тэмцэж байгаа. Гэтэл улсын мөнгө завшиж идсэн хүмүүс 40 саяаар торгуулаад гарч болдог ийм тогтолцоо байгаад байна. Улсад учирсан хохирлыг барагдуулах, хорих ял шийтгэх, төрийн албанд ажиллахгүй болгох, хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгийг хураах зэрэг ийм хатуу хууль батлуулж чадвал, энэ шударга бус зүйлүүд өөрчлөгдөнө шүү...
- Манайд банкны хүү сарын 3 хувь байхад гадаадад жилийн хүү 3 хувь байна. Зээлийн хүүг бууруулах тал дээр та анхаарч ажиллаарай.
- Бид хашаандаа сайхан амьдармаар байна. Сэлбэ дэд төв баригдчихаад байхад бид яагаад галаа түлээд амьдрах ёстой юм бэ. Өвөл нь утаанд, хавар нь хөрсний бохирдолд хордож байна. Манай хорооны өрхүүдийг дэд бүтцийн шугам, сүлжээнд холбож өгөөч.
- Улсын төсвөөс хөрөнгө гаргаад энэ хороодыг жижиглэж хуваагаад, ямар хэрэгтэйг иргэд бид ойлгохгүй байна. Энэ хөрөнгөөрөө өрхүүдээ дэд бүтцэд холбоод өгч болдоггүй юм уу, гарах зардал нь бараг адилхан юм байна лээ.