МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2022.06.20
Улстөр

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 1 санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс өмнө” гэснийг “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр болсон.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ