МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
2022.06.20
Хууль, эрх зүй

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир  танилцууллаа. 

   Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2022  оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар  зүйлийн 42.2.1-т заасныг баримтлан нэг санал хураалт явуулсан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг баримтлан нэг санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаан оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн гэдгийг онцолж байлаа. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийн 15.1.2 дахь заалтыг “улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;”, “хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох.” гэж өөрчлөн найруулж, 15.1.2, 15.1.3 дахь заалт болгож,  “Энэ хуулийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг “10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр боллоо. 

    Ингээд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

ШИНЭ МЭДЭЭ