МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембург улсад айлчлав
2022.06.20
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембург улсад айлчлав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургаадугаар сарын 17-нд Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар ажиллав.

Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын дарга ноён Фернанд Этген тэргүүтэй төлөөлөгчид манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уулзалтын үеэр манай улсад элбэг тохиолддог зүрх судасны өвчлөлийг анагаах чадавхийг бэхжүүлэхэд Люксембургийн Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, Люксембург Улсаас хөгжлийн тусламж үзүүлж эхэлсний 20 жилийн ойг энэ 2022 оны долоодугаар сард хоёр тал хамтран тэмдэглэх гэж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Люксембург Улстай тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд, ялангуяа банк, санхүү, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов.

Ноён Этген Монгол Улс ардчиллал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлсийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж буйг онцлон ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 30 жилийн ойн баяр мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ