СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Иргэдэд экологийн боловсрол олгох арга хэмжээг энтертайнмент шоутай хослуулан зохион байгууллаа
2022.06.22
Орон нутгийн хөгжил

Иргэдэд экологийн боловсрол олгох арга хэмжээг энтертайнмент шоутай хослуулан зохион байгууллаа

Улаанбаатар хотын гэр хороолол дунд хоёрхон нуур байдгийн нэг нь Баянхошууны “Ногоон сувд” гэж нэрлэгддэг Гүнжийн нүдэн нуур юм.

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой нуурын эрэг дээр  /2022.06.21/ өдөр иргэдэд экологийн боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Тус өдөрлөгийг хоёр хэсэгт хуваан зохион байгуулсан бөгөөд иргэд өглөөний 13:00-17:00 цагийн хооронд төрийн байгууллагын анхан шатны үйлчилгээ, хуулийн зөвлөгөөг нэг дороос авч, гар урлал, уран зураг, уран бичлэг урлаг спортын хэд, хэдэн арга хэмжээнд хамрагдав.

Мөн энэхүү нээлттэй өдөрлөгийг 8-р хороотой хамтран зохион байгуулж буй “ЭКО СОЁЛ” сангаас иргэдэд экологийн боловсролыг орон даяар түгээх томоохон төслийг танилцуулан, хүүхэд багачуудад зориулсан асарт мэргэжлийн уран зургийн багш нартай хамтран бяцхан хүүхдүүдийн нүдээр ногоон байгалийг дүрслэн тэдэнд дурсамж дүүрэн өдрийг бэлэглэлээ.

Өдөрлөгийн үеэр нуурын эрэг дээрх асарт худалдаа буюу мод, бутны үрсэлгээ, суулгац, цэцэг зэргийг худалдаалан иргэдэд экологийн боловсрол олгох хүрээнд цэцэг, мод, бутлаг ургамлыг арчлах зөвлөмжийг зааж, сурталчиллаа. “Эко Соёл” сан, Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын филармони болон тус хорооны иргэд хамтран “Гүнжийн нүдэн нуур”-ын эргэн тойронд ногоон байгууламж нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг илүү сайхан болгохоор хичээн ажиллаж байгаагийн нэг жишээ бол өнөөдрийн арга хэмжээ юм.

Учир нь эдгээр байгууллагууд хамтран нууран дээрээ “Хөгжмийн төгөл” байгуулж, мод тарих арга хэмжээг 2021 онд зохион байгуулж байсан. Тус төгөлд тарьсан моднууд нь жирийн моднууд биш, нуурын эко бүтээн байгуулалтыг сэтгэлээр дэмжин хандив өргөсөн хүмүүсийнх буюу өөрийн гэсэн эзэнтэй модод байснаараа онцлог. Учир нь Монгол Улсын филармонид “Модны хайр” нэртэй сонгодог хөгжмийн маш өвөрмөц концертыг толилуулсан юм. Маш өвөрмөц гэсний учир нь, энэхүү концертыг тасалбар худалдаж авсан хүмүүс биш, харин тухайн хүнийг төлөөлсөн модод үзэж сонссонд оршино. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд иргэд болон энэхүү өвөрмөц моднуудад зориулан Монгол Улсын филармонийн уран бүтээлчид дахин сонгодог хөгжмийн уран бүтээлүүдийг нуурын эрэг дээр эгшиглүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ