МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Сайд нь ажлаа хийж чадахгүй бол ҮХНӨ-өөр гэлтгүй солих л хэрэгтэй
2022.06.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Сайд нь ажлаа хийж чадахгүй бол ҮХНӨ-өөр гэлтгүй солих л хэрэгтэй

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй сүүлийн үед өрнөсөн асуудлуудын хүрээнд ярилцлаа.

-ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГСӨН ХҮМҮҮС Ч БИЙ-

-Та БОАЖ-ын сайдаар томилогдоод хагас жил орчим болж байна. Өмнө нь хоёул ярилцаж байхад "Сайдын суудал яригдаж байсан ч хүссэн учраас ШӨХТГ-т очсон" гэж байсан нь санаанд орж байна л даа. БОАЖ-ын сайдыг хийж байсан ажил, эзэмшсэн мэргэжлийнхээ юуг нь тохирно, болно гэж хүлээж авав?

-Таван сарын хугацаа л өнгөрч байна даа. Энэ хугацаанд нэн тэргүүнд эхлүүлэх, хийх ёстой гэж үзсэн багагүй ажлуудаа боломжийн хэрээр амжуулж явна. Гол нь суурь ажлуудыг маш сайн хийх хэрэгтэй гэж төлөвлөсөн учраас шууд ханцуй шамлан орсон. Өмнө нь ШӨХТГ-ын дарга байхдаа танай сайтад ярилцлага өгч байсан. Түүний өмнө МХЕГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд даргын албыг хашиж байсан. Хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж байсан гэдэг утгаараа байгаль орчны салбарт тулгамддаг асуудлууд, тэр дундаа тусгай зөвшөөрөл, газар олголтын замбараагүй байдлыг маш сайн мэдэж байсан. Тийм ч учраас энд ирээд юунаас эхлэхээ, ямар ажлыг барьж авахаа төсөөлж байсан.

-Нөгөө талдаа энэ албыг хаших хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Иймд нэн тэргүүнд хийх, суурийг нь тавих ажлуудаа төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллаж байгаа байх. Энэ нэн тэргүүний төлөвлөгөө юунд чиглэв?

-Ний нуугүй хэлэхэд БОАЖЯ-ыг газар л олгодог байгууллага шиг санадаг хандлага нэвт суусан байна. “Материалаа бүрдүүлж өгчихөөд байхад яагаад газрыг минь олгохгүй, бүртгэхгүй байгаа юм” гэх хандлага маш их. Хэрвээ яам бодит шалтгаанаар, хууль эрх зүйн хүрээнд газрын зөвшөөрлийг нь өгөхгүй бол, эсвэл цуцалчихвал шүүхэд ч хандаж байна. Гэтэл улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт дэндүү хавтгайрчихсан. Ний нуугүй хэлэхэд хөл гишгэх газаргүй болтол нь газар олгосон.

Богдхан уулын орчимд л гэхэд сул газар бараг байхгүй. Тусгай хамгаалалттай бүсэд авсан газартаа барилга, байшин бариад эхэлчихсэн. Тийм учраас тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж буй хуулийн этгээдүүдийг яг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахыг ядаж шахаж шаардах хэрэгтэй байна. Нэгэнт барилга, байшин барьчихсан бол ядаж тэндээ мод тарь гэдэг шаардлагыг тавьж байна. Хэдийгээр гал авахуйц байсан ч улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж буй хуулийн этгээдүүдийн мэдээллийг шилэн болгосон. Манай яамны сайт руу ороод, аль газрыг хэн эзэмшиж байгааг харж болно.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт туссанчлан, моджуулах, мод тарих ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж ажиллаж байна. Тэрбум мод тарихын тулд одоо байгаа модоо ядаж хайрлаж, хамгаалах ёстой. Үүний зэрэгцээ гол мөрний асуудлуудад ч анхаарч байна.


-Тусгай зөвшөөрөл олгох хүрээнд дандаа л мөнгө эргэлддэг. Энэ сүлжээг таслахад амьжиргааны эх үүсвэрээ болгож ирсэн хэсэг хүмүүстэй шууд нүүр тулна биз дээ?

-Түрүүнд хэлсэнчлэн, хянан шалгах чиг үүргийн байгууллагад ажиллаж байсан учраас яг тусгай зөвшөөрлийн сегмент рүү ороход юутай нүүр тулахаа маш сайн мэдэж байсан. Тийм ч учраас ирсэн дороо энэ асуудлыг яаман дотроо нээлттэй тавьсан. Үүний дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн хүмүүс ч цөөнгүй байгаа.

Дээр нь, яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар дээрээ Авлигатай тэмцэх газраас комиссар сэлгэн ажиллуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл дотоод хяналтын системийг АТГ-тай хамтран бий болгож байгаа гэсэн үг. Нэгэнт хавтгайрсан нөхцөл байдлыг засахын тулд, богино хугацаанд шударга, итгэл үнэмшилтэй ажиллахыг л эрхэмлэх ёстой. Үүнийг дотооддоо ил тод ярьж, уриалж буй. Хариуцлагыг ч хатуу ярьж байгаа. Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг шууд чөлөөлж байгаа.

-УУГУУЛ ИРГЭД БОЛ НУТАГ ОРНЫ ЖИНХЭНЭ ЭЗЭД-

-Уул уурхайн сэдэв үе, үеийн БОАЖ-ын сайд нарын шүдний өвчин болдог. Нэг талдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, нөгөө талд уул усаа хамгаалах гэсэн малчдын тэмцлийн дунд баланс барих их хүнд цаг үеэ манай улс туулж байна. Ойрын үеийн тод жишээгээр Баянхонгор аймаг дахь “Эрдэнэ Монгол” ХХК-ийг нэрлэж болж байна. Танд мэдээллүүд очсон байх?

-Хариуцлагатай уул уурхайг бол дэмжих ёстой. Яагаад гэхээр хариуцлагатай уул уурхайг хорьчихоор хариуцлагагүй нь байгаль орчныг сүйтгэж байна. Байгаль орчин ч тэр, уул уурхай ч тэр эзэнтэй байх хэрэгтэй. Аливаа зүйл эзэнгүй болоод эхлэхээр л хариуцлагагүй байдал ноёрхож байна. Газраа нөхөн сэргээдэг, тухайн бүс нутагтаа бүтээн байгуулалт хийдэг, иргэдийнх нь аж амьдралд нэмэр тусаа өгдөг байх ёстой. Дээрээс нь тухайн сум, багийн Иргэдийн нийтийн хурал гэж хамгийн чухал бүтэц бий. Ерөөсөө нутаг орны уугуул иргэд бол жинхэнэ эзэд гэсэн үг. Иймд уул уурхайн компаниуд иргэдийн нийтийн хурлаар аливаа асуудлыг хэлэлцүүлж, баталсан тогтоол шийдвэрийг нь дагах учиртай. ИНХ-ыг үл тоох, түүнд нөлөөлөх гэж оролдох асуудлууд яригддаг.

Нөгөө талдаа малчдыг ч хэрсүү нүдээр харах шаардлага бий болсон. Мянгат малчдын зарим нь айхавтар. “Би дэмжүүлье, нутгийнхнаа уриалъя. Харин туслан гүйцэтгэх ямар ажлаа надаар, миний компаниар хийлгэх юм” гэж шууд тохирдог, ярьдаг асуудлууд байна. Яг нутаг усныхаа төлөө зүрх сэтгэл нь цохилдоггүй, хувийн эрх ашигтай малчид байна. Тухайн нутагт бараг амьдардаггүй мөртлөө “Би энэ нутгийнх” гэж эрх ашиг төлөөлөн ярьж явдаг хүмүүс ч бий болж.

Тийм учраас ер хамтдаа ярилцъя, хэлэлцье гэдэг асуудлыг тавьж байгаа. Ажлын хэсэг байгуулж, түүнд нь хөрөнгө оруулагч талыг ч, малчдын төлөөллийг ч оруулж, хэлэлцүүлж байя. Энэ утгаар ажлын хэсэг гаргаж, бодитой мэдээллийг авах хүрээнд орон нутагт их ажиллаж байна. Таны дурдаж буй “Эрдэнэ Монгол” ХХК-ийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Шинэжинст сум руу явсан. Мэдээллийг бичиг, цааснаас, ширээний ардаас аваад байхаар төрийн албаныхан зарим талаар тархиа угаалгадаг. Нөлөөнд автдаг гэж хардаг. Тийм учраас яг нөхцөл байдлыг өөрийн нүдээр очиж хараасай, тэгж мэдээллээ аваасай, үүндээ тулгуурлаж асуудлыг бодитоор хараасай гэж орон нутаг руу багагүй ажлын хэсэг, томилолтын баг явуулж байна.

-Сүүлийн Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн хэлэлцээний үр дүнг бодит ажил хэрэг болгоход анхаарах ажлын хэсгийг шинэчлэн баталсан. Үүнд та багтсан байсан. Яг хэлэлцээ явагдаж байх үеэр Н.Уртнасан сайд гүний усны асуудлыг нэлээд ярьж байсан. Гэвч хэлэлцээний үр дүнд байгаль орчны сэдэв өнгөц туслаа л гэж харсан. Хэлэлцээ эцсийнх биш, цаашид үргэлжилнэ гэж Засгийн газар мэдээлэл өгч байгаа. Та Оюу толгойн гүний усны асуудлыг хөндөх үү?

-Оюу толгой бол том төсөл. Заавал хөдлөх ёстой, Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж л болохгүй.

-Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаад 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг баталсан дүр зураг байдаг л даа. Уг хууль дараа нь шинэчлэн батлагдсан ч “Оюу толгой” ХХК гэрээ зурагдсан үеийн хуулийг дагана гэдгээр, өнөөгийн Усны тухай хуулийн хэд хэдэн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь анхаарал татдаг.

-Эрх зүйн орчны хувьд зайлшгүй өөрчлөх ёстой хуулиуд бий юу гэвэл бий. Ялангуяа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гээд л. Хуулийг мөрдүүлэх гэж л баталдаг. Бид Усны тухай хууль болон бусад холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг эрдэмтдийн хамт боловсруулж байгаа. Ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Улмаар цөөнгүй асуудлуудыг яг хуулийн хүрээнд шийдэх нөхцөлийг бүрдүүлнэ.


-АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ЗАХ ЗЭЭЛ БАЙГАА ЭСЭХ НЬ Ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ-

-Ерөнхий сайд агаарын тээврийн компаниудтай уулзах үеэрээ ИНЕГ-т “Turkish Airlines-ын нислэгийг нээ” гэж нэлээд эмоцтой хэлсэн л дээ. Та аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын тээврийг либералчлах ёстой гэж ярьж байгаа. Энэ утгаар Ерөнхий сайдад нөлөөлж, вакумжуулж байна гэгдэх болсон. Гэхдээ “Turkish Airlines” нарын гадаадын компаниудын нислэгийн нэмснээр дотоодын компаниуд дампуурах эрсдэлтэй гэцгээж байна?

-Угтаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр онгоц нисэх бүрд, буугаад мордох бүрд улсын төсөвт мөнгө орж ирнэ. Аялал жуулчлал, агаарын тээврийг салбарыг хөгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг болгоё гэж байхад дургүйцээд байгааг ойлгодоггүй.

-Дотоодын компаниудын зах зээлийг эзэлчихнэ гэж болгоомжилж байгаа. Гадаадын компаниуд энэ салбарт монополь болчихвол үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй биш үү?

-Үнэндээ манай агаарын тээврийн салбарт зах зээл байгаа эсэх нь ч эргэлзээтэй асуудал. МИАТ ТӨХК хэдэн онд байгуулагдлаа, ямар хугацаанд энэ салбарт ажиллалаа. Гэтэл өдгөө өөрийн өмчийн хэдэн онгоцтой байна, хичнээн хэмжээний өр, зээлтэй байна. Ирж байгаа жуулчдын тоо нэмэгддэггүй, нислэгийн чиглэл нь хязгаарлагдмал хэвээр. Огт хөгжөөгүй. Гэтэл гадаадын компаниудыг оруулж ирье гэхээр уурлана. Ер энэ асуудлаар ИНЕГ, МИАТ ТӨХК багагүй дургүйцэж байгаа.

-Та өөрөө энэ чиглэлийн компанитай байсан учраас илүү нөлөө бүхий хандаж байгаа юм уу?

-Улс төрд нэгэнт хүч үзэх гэж байгаа бол ямар ч хувийн бизнесгүй байх ёстой гэдэг үүднээс 10-аад жилийн өмнө компаниа худалдсан тухайгаа өмнө нь ярьж байсан. Одоо улсын бүртгэлээс шүүвэл миний нэр дээр ямар ч компани гарч ирэхгүй. Агаарын тээврийн салбарт ажилладаг, олон улсын сертификаттай, мэргэжлийн түвшинд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ үүнийг 10 гаруй жилийн дараа сөхөж, өнөөгийн ажилтай маань хольж хутгах нь өрөөсгөл юм.

-Нөгөө талдаа энэ ЗТХЯ-ны асуудал биз дээ. Л.Халтар сайдын хувьд агаарын тээврийг либералчлахад болгоомжтой хандаж байгаа гэж сонссон. Та хоёр энэ асуудалд хэр сайн ойлголцолд хүрсэн бэ?

-Монгол Улсыг хөгжүүлье гэдэг үзэл санаагаар, зоримог өөрчлөлтийн төлөө дуугарахад энэ концепцыг ойлгохгүй, хуучинсаг ойлголтоор хандаж, хаалт тавьдаг төрийн албан хаагчид төвөгтэй л байна. Гэхдээ энэ Л.Халтар сайдыг хэлсэн үг биш юм шүү. Энэ Засгийн газарт шинэчлэлийн бодлогыг хүлээн авч, дэмждэг цөөнгүй сайд бий.

-ЖУУЛЧИД УЛААНБААТАРЫГ ҮЗЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МОРЬ УНААД, ХЭЭР ДАВХИХЫГ ХҮСЭЖ БАЙНА-

-Нислэг нэмлээ, ирэх жуулчдын тоо ихэслээ гэхэд хүлээж авах, тэдний стандартад нийцсэн орчин байхгүй. Өөрөөр хэлбэл хүлээж авах бололцоо, багтаамжийг нь хэрхэн харж байгаа юм?

-Ний нуугүй хэлэхэд, "Жуулчдыг хүлээж авахад монголчууд сэтгэл зүйн хандлагын хувьд бэлэн биш байгаа юу?" гэвэл би "Тийм" гэж хариулна. Хүн амын тооноос илүү хэмжээний жуулчин жил бүр ирнэ гэдэг агуулгад “Монгол цус бохирдоно”, “Үндэсний аюулгүй байдал эрсдэлд орно” гэж ханддаг хэвээр л байна. Гадаадын мэргэжилтнүүдтэй уулзахад “Танай монголчууд тэгж их гадаадын жуулчидтай гэрлэдэг, харилцаа үүсгэдэг юм уу. Монгол цус алга болчихно гэж ханддагийн учрыг ер ойлгохгүй юм” гэдэг.

Монголчууд нэгэн цагт эзэнт гүрэн байгуулж, дэлхийн олон өөр үндэстнүүдийг захирч явсан түүхтэй. Түүхийн олон хүнд үеийг давсан ч бид Монголоо хадгалж үлдсэн. Үүний дээр бид аялал жуулчлалын стратегиэ өнөө хэр тодорхойлж чадахгүй байна. Зарим жуулчдын сонирхол өндөр хөгжилтэй хот, нийслэлийг үзэх, шоппинг хийх гэхээс илүү зүгээр л хээр талд, майхнаа бариад хоноход чиглэж байгаа. Монголд ирээд, Улаанбаатарыг үзэхээсээ хээр талд морь унаад давхихыг хүсэж байна.

Гэтэл энэ шинэ хандлагыг харгалзсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлж чадахгүй байна. Зүгээр л “Од, гараг эрхсийн давхардлыг харах” гэдэг хөтөлбөр байж болно шүү дээ. Жуулчдыг ямар хөтөлбөрөөр, өөрсдийн суурь боломж, онцлогт тохируулан татаж болох вэ гэдгээ сайн харахгүй байна.


Нөгөө талаар, энэ бодлого, хөтөлбөрийг заавал яам хийнэ гэж зүтгэх нь өрөөсгөл гэж үзэж байгаа. Тийм ч учраас аялал жуулчлалын чиглэл дэх зарим эрх, үүргээ Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлсэн. Мөн мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүд нь энэ салбарын шинэчлэлийг санаачлан хийх нь зөв гэсэн үзэл санааг барьж байна. Тэд ашиг орлогодоо тулгуурлан шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж, хөгжүүлэг. Харин үүнд төр нь саад, тушаа болдоггүй, элдэв хүнд суртлаар хязгаарладаггүй байхыг л гол болгож ажиллаж байна.

-Хамгийн сүүлд олны анхаарлыг татсан Зайсангийн “Дугуй цагаан”-ы асуудлыг тодруулъя л даа. Хотын даргатай сошиалаар муудаж, дараа нь эвлэрсэн гэх дүр зураг олон нийтэд таатай харагдаагүй. “Дугуй цагаан”-ыг хүчээр чөлөөлж буй үйл явдлыг хөндлөнгөөс хараад юу гэж дүгнэж байв?

-Манай яамны хувьд уг асуудалд хөндлөнгөөс харсан байр сууриар хандаагүй л дээ. Нийслэлийн ЗДТГ-ыг асуудал тавихаас өмнө тухайн газар эзэмшигчдийн газрын асуудлыг хөндөж байсан. Газрыг цуцалсан, шүүхээс буцааж сэргээсэн гэх мэт хуулийн процессүүд байсан. Бидэнд хүч түрэмгийлж хандах шаардлага байгаагүй. Өнөөдөр хууль байгаа бол хувь хүн биш хууль засагладаг л байх ёстой. Хууль нэгэнт байхгүй гэвэл эмх замбараагүй байдал үүснэ. Хувийн хэвшлийн эд хөрөнгөд төр хөндлөнгөөс халдах нь ямар ч нөхцөлд буруу. Харин бохир заваан, таагүй орчин бий болгож буй тухайд нь яамнаас сануулж, засаж сайжруулахыг бол шаардаж байсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл бид хууль, дүрмийнх нь хүрээнд энэ асуудалд хандаж ирсэн.

-“Битгий нуугдаад бай” гэсэнд нь ер игзаар хөдөлчихсөн юм уу?

-Үгүй дээ. Тэр ахлах зөвлөх уг нь хуульч мэргэжилтэй юм билээ. Би шууд л хэлсэн. Хуульч хүн ийм мэдэгдэл хийж байгаа нь харамсалтай гээд. Нэгэнт хууль бий цагт хуулиа л барьж ажиллах үүрэгтэй.

-Нийслэлийг усан паркийн асуудлаар нь ч хатгаад авсан?

-Д.Сумъяабазар даргатай арцалдаад байх шиг дүр зургийг энэ үйл явдал харуулсан байж болно. Гэхдээ миний өмнөх хариултууддаа дурдсан: Аялал жуулчлалыг хөгжүүлэх, хувийн хэвшлүүдийг төрөөс аль болох бага хамааралтайгаар үйл ажиллагаа явуулах гэх мэт агуулгуудад хамгийн нээлттэй, зөв хандлагаар хүлээж авч байгаа хүн бол Д.Сумъяабазар дарга. Намайг ШӨХТГ-ын даргаар ажиллаж, бизнесийг хамгаалах шийдвэр гаргаж байхад ч мань хүн дэмжиж, бүх талаар нээлттэй, чөлөөтэй байлгах чиглэлд ажиллаж байсан.

Усан паркийн хувьд бид дөрөвдүгээр сард Нийслэлийн ЗДТГ-т хандсан. Хууль зөрчиж байгаа явдлыг зогсоож, эрхийг цуцлах асуудлыг хөндсөн. Хариу нь ирээгүй. Би бас л хууль ярья. Усны тухай хууль гэж бий. Дунд голын ай сав газарт барилга байшин барьж, үйл ажиллагаа явуулж болохгүй. Хэдэн өдөр үргэлжилсэн аадар бороо орж, үерлэвэл, Дунд гол сэргэвэл яах вэ.

Тэнд хүмүүс нэгэнт амьдраад эхэлбэл тэр их усны аюул үүсвэл нүүлгэн шилжүүлэх ажиллагааг бид хэрхэн хийх вэ, урьдчилсан бэлтгэлтэй, зохион байгуулалттай байж чадах уу. Галт тэрэгний зам дагуу байгаа. Галт тэрэг гэнэт замаас гарч, байшинг мөргөж, осол болбол яах вэ. Өнөөдөр барилга бариад зараад явчих хүмүүс тэр олон хүний амь насны асуудлыг даах уу. Энэ үүднээс л хандаж байгаа. Тэнд газрын зөвшөөрөл олгосон, барилга байшин барих хууль эрх зүйн нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байгууллага бол Нийслэлийн ЗДТГ, энэ үнэн. Тийм учраас үнэнийг л хэлсэн төдий зүйл шүү дээ.

-Энэ зун ҮХНӨ хийх, улмаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох дүр зурагтай байгаа. Үүгээр таны суудал хэр ганхах бол, Ерөнхий сайд өөрийг тань хэр “хамгаалж” үлдэх бол гэж өөртөө харж байна вэ?

-Энд хэн нэг хүний үүднээс ярих нь өрөөсгөл. Парламент өөртөө зориулж хууль баталдаггүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь агуулгаасаа шалтгаалж хэрэгжиж эхлэх хугацаа нь өөр өөр байна гэж харж байгаа. Бүр эсрэгээрээ заавал үндсэн хуулийн өөрчлөлт гэж харалгүй, Засгийн газрын гишүүн ажлаа хийж чадахгүй бол Ерөнхий сайд солих л хэрэгтэй байх. Нөгөө талаас, үүний өмнө хийсэн ҮХНӨ-өөр танхимын сайдаа УИХ-аар хэлэлцүүлэлгүй томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болсон. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надад итгэл хүлээлгэж, БОАЖ-ын сайдаар томилсон. Ийм л хариулт өгье дөө.

ШИНЭ МЭДЭЭ