Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлд 218 км хатуу хучилттай авто зам барина
2022.07.05
Зам, Тээвэр

Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлд 218 км хатуу хучилттай авто зам барина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Хэнтий аймагт ажиллахдаа Чингис хотод тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал, үнийн өсөлтийн бодит шалтгаан, үүнээс гарах зорилгоор УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газраас Хэнтий аймагт ойрын үед ашиглалтад оруулах гэж байгаа болон эхлүүлэхээр болсон авто зам, түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал. Ялангуяа, боомтын сэргэлтийн хүрээнд Чингис хот-Ульхан чиглэлийн 318.3 км авто замыг ашиглалтад оруулснаар зөвхөн Хэнтийчүүд төдийгүй зүүн болон говийн аймгууд ОХУ, Хятад улстай шууд холбогдох боломж бүрдэж байгаа юм. Мөн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарыг түшиглэж Хэнтий аймаг хөгжих боломжтой гэлээ.

Уулзалтын төгсгөлд Хэнтий аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлын талаар иргэдийн санал, хүсэлт нэг бүрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд, холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 218 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт чиглэл болгосон юм. Үүнээс гадна Хэнтий аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлээд хамгийн олон санал авсан таван ажлыг шийдвэрлэхээр болов. Үүнд, Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээтэй болгох, орон сууцны ипотекийн зээлийн багцын хуваарилалтыг Хэнтий аймагт одоо байгаагаас гурав дахин нэмэгдүүлэх, Багануур-Чингис хот чиглэлийн хатуу хучилттай авто замыг засварлах, Хэнтий аймагт дулааны станц барихтай холбогдуулан 1, 5-р багуудын 2-р хэлхээний шугам сүлжээг үргэлжлүүлэх ажлуудыг Засгийн газраас дэмжиж, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ