МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв
2022.07.05
Улстөр

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан.

Манай улс Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон.

Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна гэлээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцийн 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан аж.

Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмжээ.

Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, ОУДБ-ын аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал ирж байна. Энэ хэзээ эхэлсэн төсөл билээ, хэдэн жил үргэлжилж байна. Энэ ажилд хэчнээн төгрөгийн зардал гарав. Төсөл хэрэгжүүлэх мөнгийг гүйцэтгэгч нь аваад алга болчихсон. Тэгээд шүүхээр шийдүүлэх гээд хугацаа алдаад дахин төсөв гарган ажлыг явуулж байгаа гэсэн яриа байна. Энэ зам хэзээ ашиглалтад орох юм бэ хэмээн асуусан.

Сайд Л.Халтар, Замын бүтээн байгуулалтын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй асуудал байгаа нь үнэн. 2019 онд зарласан тендерт орсон хоёр компани нь ажлаа хийхгүй байсан учраас бид 2020 онд гэрээг нь цуцалсан. Тэгээд 2021 оны есдүгээр сард хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчийг шинээр тодруулсан.

Хоёрдугаар багцын ажил бололцооны явж байна. Есдүгээр сарын 15 гэхэд хатуу хучилт дуусчихна. Дөрөвдүгээр багцын хатуу хучилтыг 10 дугаар сарын 30 гэхэд дуусгана. Гэрээгээр 2023 оны аравдугаар сард дуусах ёстой ч хоёр, дөрөвдүгээр багцын ажлыг дуусгахаар шахаж байгаа. Одоо чимхлүүр ажлуудыг 2023 онд хийхээр төлөвлөж, хатуу хучилтаа энэ ондоо дуусгахаар зохион байгуулалт хийгээд явж байна. Энэ жил нэг, дөрөв, тавдугаар багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ гэсэн хариулт өгсөн юм.

Гишүүд асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ