МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.06

Б.Баярсайхан: Эрүүл мэндийн салбарт гарсан зөрчилд хэн хариуцлага хүлээх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

2021 оны төсвийн гүйцэтгэл дээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд аудитын хийсэн энэ дүгнэлт нилээн сэтгэл зовоосон тоо харагдаад байна. Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангаар 561,2 тэрбум төгрөгийн 635 алдаа илэрч, энэ зөрчил нь өмнөх оны мөн үеийнхээс 192,2 тэрбум төгрөгөөр өссөн. Эрүүл мэндийн даатгалын санд 315 тэрбум төгрөгний алдаа илэрч, өмнөх оны үеэс 56,3 тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын санд 133,1 тэрбум төгрөгийн алдаа илэрч, нийт зөрчил нь өмнөх оны мөн үеэс 97,6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн гэсэн тоон мэдээ гарсан. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийг зориулалтын дагуу, хуулийн дагуу зарцуулж чадаж байгаа юм болов уу гэсэн асуулт үүнээс үүдэн үүсэж байна. Жил дараалан аудитын хязгаарлалттай дүгнэлт аваад буй албан тушаалтан, байгууллагад хэн ямар хариуцлага хүлээлгэх юм бэ?

Эрүүл мэндийн салбарын хэтэрсэн өр нь 346,1 тэрбум төгрөг болчихсон байна. Энэ аудитаар илэрсэн санхүүгийн зөрчил нь өмнөх оныхоос нэмэгдээд байгаа нь тус салбарын төсвийн шинэчлэл үр дүнгүй байгааг харуулж байна. Цахим шилжилт, ил тод байдал хангалтгүй, төсвийн зарцуулалтын хяналт сул, үүгээрээ иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгаа юм бэ.

Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлэх нөлөөллийг бууруулах түр хороо байгуулагдсан.  УИХ-ын байнгын хороодоор ковидын үед зарцуулсан зарцуулалтын тайланг хэлэлцэх ёстой байсан. 2021 оны зарцуулсан төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж чадаж байгаа юм уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ