МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ
2022.07.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

НББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно гэж заасан.

Үүний дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн “Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа нарын нэр дэвшигчийн сонсголыг Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйл, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан байна. 

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг 56 хувийн саналаар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн “Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармааг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувийн саналаар тус тус дэмжлээ. Харин даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баярааг томилохыг байнгын хороогы гишүүдийн олонх дэмжээгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ