Т.Аубакир: ҮХНӨ оруулбал монгол улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой
2022.07.08
Улстөр

Т.Аубакир: ҮХНӨ оруулбал монгол улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой

УИХ-ын гишүүн Т.Аубакиртай ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулган завсарлаж байна. Чуулганы онцлог юу байв?

-Хаврын чуулганаар бид олон хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг баталлаа. Эдгээрээс онцлоод хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой гаргасан уриалга цаг үеийн шинжтэй чухал байсан учраас миний хувьд олзуурхан хүлээж авсан.

Уг уриалгатай холбоотой байнгын хороод болон УИХ хүнсний хангамжтай холбоотой аливаа хууль тогтоомжийг дараалал дугаар харгалзахгүй шуурхай шийдвэрлэх чиглэл авсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ хүнсний хангамж ямар чухал болохыг санууллаа. Мөн өнгөрсөн хоёр жил манай улсад импортоор орж ирж байгаа хүнсний хангамжууд доголдсон. Хил хаахад л ямар доголдолд орж, үнийн өсөлтөд өртдөгийг харлаа.

Мөн Хүнсний хангамжийг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын түр хороо байгуулагдлаа. Дараагийн нэг онцлох асуудал бол МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиудад хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнийг хүний эрхийн чиглэлд маш том дэвшил гарсан хэмээн харж байна.

Тийм учраас ч саяхан цахим орчинд тархсан үндэсний цөөнхийн хэлний асуудал хөндөгдлөө. Миний бие Үндэсний цөөнхийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлсэн. Цахим орчинд бодитой бус мэдээллүүд ихээр тавигддаг болсон нь иргэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авдаг байх шаардлагатай нь тод харагдлаа.

-Үндэсний цөөнхийн хүүхдүүдэд яг ямар асуудал тулгараад байна вэ?

-Үндэсний цөөнх буюу казах хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь монгол цагаан толгойн хичээл орж эхлэх эсэх асуудал хөндөгдсөн. Улс орон даяар нэгдүгээр ангид орж байгаа 6-7 насны нийт хүүхдүүдэд монгол хэлний цагаан толгойн 35 үсгээ үзэхэд ямар хэмжээний ачаалал авдаг билээ. Гэтэл үндэсний цөөнхийн хүүхдүүд 35 үсэгтэй монгол цагаан толгой, 45 үсэгтэй казах цагаан толгойг зэрэг сурахаар бол тухайн хүүхдэд ирэх ачааллыг даах уу.

Энэ тал дээр “Бид ийм шийдвэр гаргаагүй” гэдгээ Боловсролын сайд мэдэгдсэн. Үүний үр дүнд хос хэлний асуудал нэг талдаа шийдэгдэж байна.Үндэсний цөөнх хүүхдүүдийн тухайд хоёрдугаар ангиасаа монгол хэлний цагаан толгойг үзэх ёстой. Монгол төрийн хэлийг сурах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Хэдий тийм боловч үндэсний цөөнх иргэд эх хэлээ хамгаалах, түүгээрээ харилцах, соёл түгээх, сурч боловсрох эрх нь байгаа учраас энэ асуудлыг ярилцаж шийдлээ.

-ЭЕШ-ын онооны үзүүлэлтээр танай аймаг сүүл мушгисан. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-ЭЕШ-ын оноогоор манай аймаг сүүл мушгиж байгаа нь үнэн. Учир нь ЭЕШ-д монгол хэлний оноо чухал байр суурь эзлэх болсноор ганцхан Баян-Өлгий аймаг биш улсын хэмжээнд бүдэрч байгаа олон тохиолдол бий. Гол нь монгол хүүхдүүд монголоороо аав, ээж гээд хэлд ордог бол казах хүүхдүүд казах хэлээрээ аав ээж хэмээн хэлд ордог.

Ингээд цаг хугацааны эрхээр монгол хэлээ эх хэл шигээ сурахын төлөө хичээдэг. ЭЕШ-ын оноогоор сүүл мушгисан ч улсын хэмжээнд 800 оноо авсан хүүхдийн тоогоороо улсдаа гуравдугаар байранд явж байна. Энэ бол бас нэг сайн үзүүлэлт. Математик, физик, химийн хичээл дээрээ яагаад Баян-Өлгийн хүүхдүүд өндөр оноо авч байна гэдгийг бодох л асуудал.

Би түрүүн хэлсэн, Монгол төрийн хэлийг сурах нь иргэний журамт үүрэг мөн. Гэхдээ бид Монгол Улс дотроо өөр хэлээр ярьдаг, өөр амьдралын хэв маяг, шашин шүтлэгтэй үндэстэн. Ийм үндэстэн манай улсад байх нь Монгол Улсыг дэлхийд улам гоё харагдуулдаг. Дэлхийн улс орнуудад өөр хэл бүхий үндэстнийхээ цөөнхийг ЭЕШ-ын үндсэн онооноос арай доогуур үнэлгээгээр тооцох тохиолдол ч байдаг юм билээ. Энэ бол хүн ёсны маш том хүндлэл.

Энэ бүхнийг харгалзаж үзсэн, ардчилсан, соёлтой, бие биенээ хүлээн зөвшөөрсөн хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлэх ёстой. Тэр хүрээнд Монголын төр, БШУЯ-наас хос хэлний хөтөлбөрийг боловсруулж байна. Ер нь үндэстэн хоорондын ялгаатай байдлыг сайн сайхан талаас нь таниулж, мэдүүлэхэд хэвлэл мэдээллийг байгууллагынхан та бүхний оролцоо их шүү дээ.

-ҮХНӨ оруулах эсэх асуудлаар та тойрогтоо ажилласан байх. Иргэд ямар байр суурьтай байна вэ?

-ҮХНӨ оруулах асуудлаар миний бие тойрогтоо хараахан ажиллаж амжаагүй. Учир нь АНУ-д томилолттой байсан. Гэхдээ манай тойргоос сонгогдсон Б.Бейсэн, Х.Баделхан нарын гишүүд ажиллаад ирсэн. Бид уулзаж санал солилцсон. Цаг хугацааны хувьд ҮХНӨ-ийг иргэд,олон нийтэд танилцуулах нь одоо хараахан биш байна.

Учир нь иргэд үний өсөлтөд дарлуулж, амьдрал ахуй нь хүнд байгаа үед ҮХНӨ асуудлаар санал асуулга явуулах нь тэдэнд ямар ч ач холбогдолгүй санагдаж байна. ҮХНӨ яах вэ. Өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, дотооддын үйлдвэрлэлдээ анхаарч ажиллах шаардлага тавьсан. Манай улсын тухайд үйлдвэрлэгч орон биш учраас өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг импортоор авдаг.

Тэр дундаа манай тойргийн тухайд Улаанбаатар хотоос алслагдсан аймаг учраас тээврийн зардал, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэлээс 2-3 дахин өндөр байгаа нь иргэдийг нэлээд бухимдуулж байна. Тиймээс манай улс өргөн хэрэглээнийхээ гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай болсон нь харагдаж байна.

Түүнчлэн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх асуудлыг ч орхигдуулж болохгүй. Эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Баян-Өлгий, Ховд аймгийн нутгийг дамнан хэрэгжих Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл байна. Үүгээр ч зогсохгүй манай улс газрын тосны чамлахааргүй арвин нөөцтэй улсын тоонд ордог. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ҮХНӨ оруулах эсэх асуудлыг дэмжиж байгаа юу?

-Би хувь гишүүнийхээ хувьд ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Учир нь Шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааг эргээд харахад ямар нэг зүйлийг айхтар хожчихсон зүйл харагдахгүй байна. Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, тэр дундаа Засгийн газрын гадаад өр тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Үйлдвэржсэн, хөгжил дэвшилд эрчимтэй зүтгэсэн он жилүүд байсангүй. Энэ бүхний эхлэл улс төрийн хямралаас үүдэлтэй.

Сумаасаа авахуулаад аймаг, улсын хэмээнд улс төржилт утгаа алдлаа. Үүнийг углуулгаар нь аваад үзвэл манай улсын улс төрийн тогтолцоо сууриараа гажуудсан байна. Тиймээс Ерөнхий сайдын гаргасан санал, санаачилга болоод Т.Доржханд тэргүүтэй хэд хэдэн гишүүний хэлж байгаачлан энэ удаа эргэлт хийх цаг нь болсон. Бид 30 жил гажуудсан тогтолцоогоор явлаа. Дараагийн 30 жил энэ байрандаа байхгүйн тулд өмнөө байгаа 30 жилээ өөрчлөөд үзэж яагаад болохгүй гэж. Тиймээс ҮХНӨ-ийг дэмжиж байгаа.

Хамгийн гол нь юунд ямар өөрчлөлт оруулахыг зүйл заалт бүрээр нь УИХ-ын мэтгэлцээний талбар дээр гаргаж тавьж байгаад шийднэ. Үнэхээр гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байх нь зөв үү, хот тосгоны асуудлыг өөрчлөх үү, төрийн сүлдийг өөрчлөх нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юу зэрэг бүх асуудлыг мэтгэлцээний талбар дээр тавих учраас зөв шийдвэр гарах байх. ҮХНӨ-д санал болгож, өөрчлөгдөөсэй хэмээн бодож байгаа зүйл бол Аймгийн засаг дарга нарыг 100 хувь ард иргэдээс нь сонгодог байх асуудал.

Ний нуугүй хэлэхэд, аймаг, сумдын ИТХ гэж УИХ-аас ч илүү улстөрждөг газар бий болчихлоо. Бид үүнийг харсан ч хараагүй мэт явсаар ирлээ. Аймгийн Засаг дарга нь ИТХ-ын төлөөлгчдийнхөө хүслийг биелүүлэх, давуу байдал олгож, ах дүү нарыг нь ажилд авдаг, тендер авч өгдөг хүн болж хувирсан. Засаг дарга нийт иргэдийнхээ төлөө үйлчилдэг биш, ИТХ-ын төлөөлөгчиддөө үйлчилдэг хүн болчихоод байна. Тиймээс ҮХНӨ оруулбал Монгол Улсын улс төрийн тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсонд мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой.

-Баян-Өлгий аймаг олон онцлогийг өөртөө шингээж алс баруун хязгаарт оршдог. Зарим иргэд танай аймгийг Монгол Улсын 21 аймгийн нэг гэж харахаас илүү тусгаар тогтносон нэг аймаг байдаг мэтээр ташаа ойлголттой байгаа нь сүүлийн үед нэлээд анзаарагдах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Монгол, казах, урианхай, баяд, дөрвөд ахан дүүс олон зуун жил зэрэгцэн амьдарч ирсэн. Сүүлийн үед цахим орчинд, нэр нүүрээ нуусан, эзэн биегүй хаягнаас үндэстнийг дотроос нь хагалган бутаргах далд явуулга явуулж байгааг үгүйсгэхгүй. Бид бол Монгол Улсын нэг эд эс. Эртнээс казах, монгол ахан дүүс мөр зэрэгцэн өнөөдрийн Монгол Улсаа бий болгосон гэж боддог. Эртнээс манай казах түмний өвөг дээдэс хөдөлмөр бүтээлээрээ улсдаа үнэлэгдэж байсан. Бидний дундаас төрсөн олон баатар, гавьяатууд бий.

Сүүлийн үед зарим нэг буруу бодолтой, хутган үймүүлэх зорилготой хүмүүсийн явуулгад автаад өнгөрсөн түүхээ үгүйсгэх боломжгүй. Тийм учраас цахим орчинд нийтлэгдсэн баталгаагүй мэдээ, мэдээлэлд итгэж, аливаа үндэстнийг хагарган бутаргах санаа зорилгод автахгүй байх нь чухал. Бид нэг л ахан дүүс. Тиймээс энэ завшааныг ашиглаад хэлэхэд, нэгнийгээ битгий ондоошуулаарай хэмээн уриалж байна. Баян-Өлгий аймагт минь зочлоод үзээрэй. Зочломтгой ард түмэн бий. Манай аймгаар аялсан, зочилсон хүмүүс ам сайтай байдаг. Харин очиж үзээгүй, айлчилж үээгүй хүмүүс андуу ташаа мэдээлэлд автах нь их байгаа харагддаг.

-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого танилцуулсан. Энэ хүрээнд танай тойрогт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд юу байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 60 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй Баян-Өлгий аймагт ажилласан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үндсэн гурван асуудлыг шийдвэрлэсэн.Нэгдүгээрт, Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Стратегийн орд газар учраас эрх зүйн орчинд шийдвэрлэх олон асуудал бий.

Шууд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад, тухайн хувь хөрөнгө оруулсан ААН-ийн хувь хэмжээг нэмж болдоггүй. Төр 34 хувийг нь эзэмшье эхээр Оюу толгой төсөл үүний хамгийн муу жишээгээр нэрлэгддэг. Хэрэв төр 34 хувийг нь эзэмшвэл бид оролцох боломжгүй гэсэн байр суурийг гадны хөрөнгө оруулагчид илэрхийлдэг. Энэ мэтчилэн олон асуудал бий. Хоёрдугаарт, Асгатын ордод дөрвөн лиценз бүхий талбай байдаг.Түүний зөвхөн нэг дээр нь 1991 он хүртэл хайгуул хийгээд зогсчихсон байгаа. Үлдсэн гурав дээр нь огт хайгуул хийгдээгүй.

Тиймээс нөөц нэмэгдүүлэх хайгуул хийх ёстой. Технологийн хувьд ч, хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой асуудлууд байгаа учраас ажил жаахан удаашралтай байна. Гэхдээ Ерөнхий сайд Асгатын мөнгөний ордыг нэн яаралтай ашиглалтад оруулах үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болоод, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захиралд үүрэг болгосон. Хоёрдугаарт, Баян-Өлгий аймаг ОХУ-тай хил залгахаас гадна БНХАУ-тай Даянгийн боомтоор хил залгадаг. Даянгийн боомт улирлын чанартай ажилладаг.

Тиймээс тус боомтышг байнгын ажиллагаатай болгож, боомтыг нь хөгжүүлж, засмал замаар холбох асуудлыг шийдсэн. Ерөнхий сайд долдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Даянгийн боомтод очихоор болсон. Тус боомт байнгын ажиллагаатай болж, засмал замаар холбогдох юм бол БНХАУ-ыг ОХУ-ын Сибирийн үйлдвэржсэн бүс районтой холбох хамгийн ойрын транзит зам болж байгаа юм. Оросын Сибирийн үйлдвэржсэн бүс район буюу Новосибирск, Барнаул, Минск зэрэг хотууд Казахстаны нутгаар 1000 гаруй километр явж байж БНХАУ-тай холбогддог.

Тэгвэл манайхаар дамжаад 300 гаруй километр замаар яваад БНХАУ-ын Шинжаан Уйгартай холбодох учраас ОХУ-аас ч санал тавьдаг. Тиймээс боомтын хөгжлийн хөрөнгө оруулалтын асуудал буюу засмал замын хөрөнгө оруулалтыг шийдсэн нь манай аймгийн төдийгүй баруун аймгуудын эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлнэ.Наад зах нь Асгатын мөнгөний орд ашиглалтад ороход тэнд байгаа хүдрийн нөөцийг шууд БНХАУ руу гаргах боломж нээгдэж байна.

Гуравдугаарт, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүсээр зарласан. Энэ үеэр Ерөнхий сайд нэг зүйлийг маш гярхай ажиглаж, онцолж хэлсэн. “Энэ уул ус, нүүдэлчин соёл бусад 20 аймагт бий. Танай аймагт бусад аймагт байхгүй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр өөр хэл бүхий үндэсний цөөнх амьдарч, одоо болтол бүргэдээрээ ан хийдэг юм байна. Өөрсдийн дуу хуур, соёлыг авч явж байгаа нь та бүхний онцлог.

Үүнийгээ зүлгэж өнгө оруулах юм бол танайх бусад аймгаас ялгарах аялал жуулчлалтай болно” гэж хэлсэн. Бид энэхүү хүрээнд ажиллаж байгаа. Энэ оны улсын төсөвт Алтай Таван богд буюу Хурган нуур, Хотон нуурыг өндөр хүчдэлтэй холбох асуудлыг шийдэж суулгасан.

ШИНЭ МЭДЭЭ