2022.07.19
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын чуулган болж байна
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган Женев хотноо болж байна.
Чуулганд тус байгууллагын гишүүн 193 улс оролцож, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, коронавируст цар тахлын дараах урт хугацааны нийгэм, эдийн засаг, түүний дотор оюуны өмчийн салбарыг сэргээх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож байна.
Чуулганы хүрээнд болсон Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан үг хэлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс оюуны өмчийн чиглэлээрх хууль, эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч, дотоодын хууль тогтоомжийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэх, оюуны өмчийн удирдлагыг цахимжуулахад ач холбогдол өгч буйг онцлов.
Тэрээр түүнчлэн цар тахлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлээс үл хамааран Монгол Улсад 2021 онд бүртгүүлэхээр мэдүүлсэн оюуны өмчийн эрхийн мэдүүлгийн тоо өссөнийг тэмдэглээд, Монгол Улсын Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран оюуны өмчийн байгууллагын бизнесийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ, дээд боловсролын зарим байгууллагын хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн агуулга тусган сайжруулах чиглэлээр санамж бичиг байгуулахаар эцэслэн тохирч, гарын үсэг зурахад бэлэн болоод байгааг мэдээлэв.