НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэг өгөв
2022.07.21
Зам, Тээвэр

Бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэг өгөв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө.

Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нийслэлийн удирдлагууд өдөр тутам авч байдаг. Хурал, зөвлөгөөн болгон дээр энэ асуудлыг хөндөж ярилцдаг. Энэ удаад холбогдох албаны төлөөлөлтэй хамтдаа ажлын явцыг газар дээр нь үзэж, гүйцэтгэгч компанийн ажилтнуудын санал бодлыг сонсож байна. Гүйцэтгэгч компаниуд үнэ ханштай холбоотой гомдол, санал хэлж байна. Бидний хувьд цаг хугацаа  бүхнээс чухал. Хотын удирдлагуудын зүгээс машин зам өргөтгөхөөс гадна иргэдэд зориулсан гудамж, талбайг өргөтгөн тохижуулах, түүний стандартыг өөрчлөх, явган алхаж буй болон дугуйгаар зорчиж буй иргэдэд илүү тохитой байхад анхаарч байгаа. Аж ахуйн нэгжүүд санаачилгыг дэмжиж хашаагаа татаж байна, нийслэл ч хүч хөрөнгө гаргаж байна. Яг одоо бидний зогсож буй Ф.Шопенийн нэрэмжит гудамж буюу “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх энэ замыг ашиглалтад оруулснаар нэгэн шинэ гарц бий болох юм гэлээ.

Нийслэлийн удирдлагууд аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийг дэмжиж ажиллахад онцгойлон анхаардаг. Эдийн засгийн хүндрэлтэй, санхүү мөнгөний дутагдалтай, ханш уналттай ийм хүндхэн цаг үед асуудлыг хамтдаа шийдэж, гарц гаргалгааг хамтдаа хайхгүй бол цаг хугацаа алдах эрсдэлтэйг Хотын орлогч тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ