МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Дорнод аймагт ажиллалаа
2022.07.25
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Дорнод аймагт ажиллалаа

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 173 хороодын салбар зөвлөлдөө хүрч ажиллах зорилго тавьсан.

Энэ хүрээнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 21 аймгаа тойрч ажиллаж байгаа билээ. "Эмэгтэйчүүдийн манлайлал" цогц хөтөлбөрийн чиглэлээр Дорнод аймгийн эмэгтэйчүүд чуулав.

Тэдний зүгээс тулгамдаж буй асуудлаа хэлж байлаа. Тодруулбал Халамжийн хэлтсийн ажилтан н.Алимаа: Эмийн үнэ өндөр, доод, дунд тэтгэвэр ижил болсон тухай онцолсон бол төрийн байгууллагын төлөөлөл, сайн үйлстэн н.Алтансувд: 1-5-р ангийн сурагчдын ном хүнд, 4.8 кг цүнх үүрч байгаа нь хүүхдийн ачааллаас давж, нуруу бөгтөр болгох эрсдэлтэй байгааг анхааруулж, салбарын сайдад уламжлахыг хүсэв.

Бизнес эрхлэгч Оюунтуяа НӨАТ-ыг 3-5 % болгож, бүх худалдаа, үйлчилгээ, аж ахуй эрхлэгчдээс татвараа авдаг болгох санал гаргав. 10%-ийн татвар өндөр байгаа учраас дийлэнх эмэгтэйчүүд хувиараа ажиллаж, бүртгэлд хамрагддаггүй, үүнээс үүдэн зээл тусламж авч чадахгүй байгаа гэлээ.

НАМЭХ-ны тэргүүлэгч Тунгалагтуул орон нутагт багш дутагдалтай, Матад сумын салбар зөвлөлийн тэргүүн Бадамгарав суманд эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж хүрэлцээгүй байгааг хэлж байлаа. Дорнодын хөдөлмөрч бүсгүйчүүд талх барих, цөцгий цохих, ногоо тарих зэргээр аж ахуй эрхэлж буй ч сав, баглаатай нутгийн брэнд  бүтээгдэхүүн бий болгох цаг болсон, үүнд дэмжлэг, зөвлөгөө, сургалт судалгааны ажил хэрэгтэй буйг мөн дурдсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ