2022.07.25
СУИС, СЭЗИС-ийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн агуулгыг тусгах чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллана
Швейцарын Холбооны улсын Женев хотод Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 63 дугаар Ерөнхий Ассамблейн чуулган 07-дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд болсон.
Чуулганы үеэр Монгол улсын оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Захирал Дарен Тангтай уулзаж "Оюуны өмчийн байгууллагын бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан билээ.
Тэгвэл тэд Монгол Улсын зарим их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн агуулгыг тусгах, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт дахин гарын үсэг зурав.
Энэ хүрээнд Монгол Улсын Соёл урлагийн их сургууль, Санхүү, Эдийн засгийн их сургуулийн хөтөлбөрийг сайжруулах, оюуны өмчийн чиглэлээр багш нарыг мэргэшүүлэн сургах, гадаад улсаас зочин багш урьж сургалт, семинар зохион байгуулах боломжтой болох юм. Тус сургуулийн захирлууд өнөөдрийн арга хэмжээнд цахимаар оролцсон байна.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Бүс, үндэсний хөгжлийн асуудал хариуцсан Орлогч захирал Хасан Клейб болон бусад албаны төлөөлөгчид байлцав.