НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Автобус бааз барих ажил удаашралтай байна
2022.08.01

Автобус бааз барих ажил удаашралтай байна

Нийтийн тээврийн салбарын хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэх үүднээс бүтээн байгуулалтуудтай танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт баригдаж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн ажлын явцтай танилцав.

Тус бүтээн байгуулалтад 11 компани оролцож буй аж. Бүтээн байгуулалтын ажлуудаас 150 автобусны гарааш барих ажил удаашралтай яваа бөгөөд тендерт шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Засаг даргын орлогчийн хувьд Эрээнд саатсан дээврийн материалыг оруулж ирэхэд тусалъя, харин бусад ажлаа яаравчлан хий гэсэн үүргийг өгсөн. Мөн нийтийн тээврийн салбараас орж ирэхгүй байгаа алдагдлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:

-2018 онд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас тусдаа байгууллага болсон. Өмнөх хотын удирдлагын үед буюу 2020 онд Циркийн урд байрлалтай газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулснаас үүдэлтэй манай байгууллага баазаа байрлуулах газаргүй болсон.

Одоогоор Баруун салаанд өндөр өртөгтэйгөөр хувийн бааз түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилт орчимд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын баазыг шинээр барих төсөл эхэлсэн. Гэвч цар тахлаас үүдэлтэй дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажил төдийлөн урагшлаагүй байна. 2022 онд анх удаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч зарим компаниудын идэвх оролцоо муу байна. Хэрэгжүүлэгч компаниуд цар тахалтай холбоотойгоор ачаа бараа орж ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан хэлж байгаа учраас нөхцөл байдал хүндрэлтэй байна.

Нийт 23 тэрбум төгрөгийн төсөлд 11 компани шалгаруулсан. Энэ нь 150 машины багтаамжтай, оффис, бааз, гараашийг иж бүрэн шийдсэн төсөл юм. Нөгөөтээгүүр олон компани шалгаруулсны сул тал нь ажиглагдсан. Компаниудын онцлог олон янз байна. Зарим компани хэд хэдэн хилийн боомтоор бараагаа авч байгаа. Гэтэл чухал ажил гүйцэтгэж байгаа 1-2 компани хил гаалийн хүндрэлтэй байдлаас болж олон сарыг үдэж байна. Үүнийг бид шат шатны байгууллагад уламжилж байгаа. Төслийн нийт санхүүжилтийн 90 орчим хувь буюу үлдсэн 10 тэрбум төгрөг тавьсан. Гэхдээ үнийн өсөлттэй холбоотой төсөвт өөрчлөлт орох төлөвтэй байна гэлээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАВЧЛАХЫГ ХҮСЛЭЭ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг:

-Манай нэгтгэл 303 тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнтэй. Бидний хүрч ирсэн хоёрдугаар бааз 146 тээврийн хэрэгсэлтэй. Тэдгээрээс 60 шинэ автобус, 20 нь 2015 онд үйлдвэрлэгдсэн угсраа автобус бол 32 нь троллейбус, 30 нь 2009 онд Солонгост үйлдвэрлэсэн автобус байгаа. Тус бааз өдөр тутамд 36 тээврийн хэрэгслээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг. Харин Зорчигч тээврийн нэгдүгээр бааз нь 121 тээврийн хэрэгслээр нийтэд үйлчилдэг. Нийлээд 80 орчим тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргах шаардлагатай байгаа. 2009 онд үйлдвэрлэсэн автобуснууд байгаа.

Шинээр ирсэн тээврийн хэрэгслүүд зорчигчдын сэтгэл ханамж өндөр байлаа. Зуны халуун, өвлийн хүйтэнд сэрүүцүүлэх болон халаах төхөөрөмжтэй учраас ая тух хангах талдаа эерэг үзүүлэлттэй байна. Манай байгууллагын зүгээс парк шинэчлэлтийг богино хугацаанд дуусгаж, авчраагүй байгаа автобусыг яаравчлан оруулж ирэх шаардлагатай байгааг хотын удирдлагуудад хэллээ. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ашиглан троллейбусаар парк шинэчлэх хэрэгтэй байна. Гарааш барих талбай шаардлагатай байна. Зорчигч тээврийн хоёрдугаар бааз л гэхэд 1987 оноос хойш объектын их засвар хийгээгүй. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын ажлууд тулгамдсан асуудал болоод байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ