Камерын ашиглалтыг сайжруулна
2022.08.11
Орон нутгийн хөгжил

Камерын ашиглалтыг сайжруулна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн камерын хяналт хариуцсан ажилтнууд болон нутаг дэвсгэр дэх камерын засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг “Тэнгэр цэгцрээ” ХХК-ний төлөөллийг оролцуулан хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд болон ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирлагын төвөөс ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн байгууллагаас камержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

Хурлаас нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа камеруудын тоон мэдээллийн судалгааг шинэчлэх, дүрс бичлэгийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, ашиглалтын хугацаа, эвдрэл, гэмтэл зэргийг тодорхойлж, бүх камерын хэвийн ажиллагааг хангах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гарч, судалгаа, мэдээллийг нэгтгэн, удирдлагад танилцуулан холбогдох арга хэмжээг авч ажиллах шийдвэр гарлаа.

ШИНЭ МЭДЭЭ