"Хөдөлмөрч хүүхдүүд" зуслан 250 гаруй сурагчдад аж ахуйн болон амьдрах ухааны боловсрол олголоо
2022.08.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Хөдөлмөрч хүүхдүүд" зуслан 250 гаруй сурагчдад аж ахуйн болон амьдрах ухааны боловсрол олголоо

Сонгинохайрхан дүүргийн “Амралт цогцолбор”-ын дэргэд “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан зуны эхний ээлжийн 60 гаруй  сурагчдыг хүлээн авч байсан нь саяхан.

Тэгвэл өнөөдөр аль хэдийн дөрвөн ээлжээр дүүргийнхээ ахлах, дунд ангийн 250 гаруй сурагчдад үнэ төлбөргүй аж ахуйн соёл болон  амьдрах ухааны боловсролд сурган үдэн явуулж байна.

Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар анх 2019 онд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланг нээн ажиллуулж байсан бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр завсарласан билээ. Харин энэ жил дүүргийнхээ хүүхэд багачуудыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагааг үргэлжлүүллээ.

Энэ жилийн сургалтыг дүүргийн “Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” хамтран хүүхдүүдэд гарын доорх материалаар арьсан урлал, эсгий урлал, зүү ороох зэргийг зааж сургасан юм. Энэхүү гар урлалын сургалтыг хүүхдүүд ихэд сонирхон зусланд амрах хугацаандаа сурсан зүйлээ бататгахын тулд сургалтын төвтэй дахин холбогдож гар урлалын сургалтын хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Тодруулбал, "Хөдөлмөрч хүүхдүүд" зусланд амарсан 76-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид болох М.Халиунаа, Д.Сэрчмаа нар гар урлалын бүтээл урлахад шамдан суралцаж маргааш /2022.08.11/ болох “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадамд оролцохоор бэлдэж байна.

Хөдөлмөрч хүүхдүүд зуслангийн хаалтын арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ДИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. 

Хаалтын арга хэмжээний үеэр дөрөвдүгээр ээлжийн амрагч хүүхдүүд өөрсдийн гараар боловсруулсан цагаан идээ, гар урлалын бүтээлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулж, урлагийн үзүүлбэрээр бэлэг барьжээ.

ШИНЭ МЭДЭЭ