НИТХ-ын төлөөлөгчид толгойт дэд төв болон "Шинэ таван шар" төслийн ажлын явцыг дүгнэн, ажиллалаа
Нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчид болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар томоохон бүтээн байгуулалт өрнөж буй 1, 18 дугаар хороодод ажиллалаа. Тухайлбал, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Толгойт дэд төв дэх сургалтын төв болон 18 дугаар хорооны дахин төлөвлөлтөд орсон орон сууцыг барилгажуулах “Шинэ Таван Шар” төслийн ажлын явцыг дүгнэн, гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг нэгтгэлээ.
Энэ үеэр тухайн бүтээн байгуулалтыг хариуцагч гүйцэтгэгч компани болон төсөл хэрэгжүүлэгчид ажлын явц болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлав. Толгойт дэд төв дэх сургалтын төвийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар улиралд эхэлсэн бөгөөд хэдийгээр барилга угсралтын ажил үргэлжилж буй боловч дулааны техникийн нөхцөлийг шийдүүлээгүй байгаа нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байгааг хэллээ.
Толгойт дэд төв нь дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороодын 153.4 га газрыг хамрах бөгөөд цэвэр усны шугам, дулаан хангамжийн шугам сүлжээ, авто зам, цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв, эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтцийн болон нийгмийн барилга байгууламжийн бүхий томоохон бүтээн байгуулалт юм.