МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

462 сая долларын санхүүжилт бүхий "Ус дахин боловсруулах үйлдвэр"-ийн бүтээн байгуулалт эхэллээ
2022.08.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

462 сая долларын санхүүжилт бүхий "Ус дахин боловсруулах үйлдвэр"-ийн бүтээн байгуулалт эхэллээ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, 2018 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хийж байгаа энэ бүтээн байгуулалт Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

“2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох Ус дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ” гэлээ.

Мөн нэг жилийн өмнө Улаанбаатар хот, цаашид дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байсныг дурдав.

Төслийн санхүүжилт, барилга угсралт зэргийг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцоо чухал байгааг  тэмдэглэв.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд “Дэлхийн хамгийн их усны хомстол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй Улаанбаатар хотод энэ үйлдвэрийг барьснаар хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангаж, хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг хэлэв.

АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк “462 сая ам.долларын хамтарсан энэ хөрөнгө оруулалт хоёр орны ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг” гэдгийг онцоллоо.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани хариуцаж байна.

Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, УИХ, Засгийн газар, агентлаг, нийслэлийн төр, захиргааны байгууллага, гүйцэтгэгч болон хамтрагч аж ахуйн нэгжийн төлөөлөл болон албаны бусад хүн оролцов.

ШИНЭ МЭДЭЭ