Улаанбаатар хот, ИБНИУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ
2022.08.31
Гадаад харилцаа

Улаанбаатар хот, ИБНИУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улс /ИБНИУ/-ын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны Дэд сайд Мухаммед Махди Барадаран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс, ИБНИУ 1971 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа худалдаа, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна хэмээлээ. Мөн цаашид талуудын хамтын ажиллагааг бүх салбарт эрчимтэй хөгжүүлэх чин хүсэлтэй байна гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотыг иргэнд нээлттэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгох хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд нэгдсэн байр суурьтайгаар онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж нягт хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны УИХ-ын Хаврын чуулганаар УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хороо байгуулагдсан” гэлээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны Дэд сайд Мухаммед Махди Барадаран дэлхийн хотуудад замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг нийгмийн суурь асуудал бий. Эдгээр асуудлуудад хөрөнгө оруулалт гол шийдэл гэдгийг онцолж байв. Тэрбээр талуудын хамтын ажиллагааны хороо байгуулах санал тавьж, уул уурхай, зам, барилга байгууламж, массын нийтийн тээвэр, мэдээллийн технологи, цахим систем зэрэг өргөн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагаа өргөн салбарт хөгжих бүрэн боломж бий гэдгийг цохон тэмдэглэлээ.

Хотын дарга талуудын хамтын ажиллагааны хороог байгуулах саналыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага тулгамдаж буй учир Улаанбаатар хотын шинэ тойрог зам бий болгох, нийтийн тээврийн парк шинэчлэлт, дэд төвүүдийг хөгжүүлж, дагуул хотуудыг бий болгох зэрэг төслүүдэд төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг бэлтгэн ажиллаж байна. Иймд Улаанбаатар хот Иран Улсын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн туршлагатай чадвартай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн хэмээв.

Нийслэлийн зүгээс дээрх чиглэлүүдээр хамтран ажиллаж, талуудын хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Талууд мэдээ, мэдээллийг шуурхай солилцож, хамтран ажиллах боломжуудыг судлахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ