НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
2022.08.31
Улстөр

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргалж, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав.

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа нутгийн захиргааны 98 байгууллагаас 801 төсөл арга хэмжээний санал авч, улс, нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, иргэдээс авсан цахим санал асуулгад үндэслэн боловсруулсан байна. Уг төлөвлөгөө нь:

Хүний хөгжлийн бодлого
Эдийн засгийн бодлого
Засаглалын бодлого
Ногоон хөгжлийн бодлого
Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэг, 21 зорилт, 513 арга хэмжээнээс бүрдэж буй юм.


Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 127 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж, шинээр ашиглалтад оруулах юм. Тухайлбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 байршилд цэцэрлэгийн зориулалтаар байр худалдан авах, 131 байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр, сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэх болон түгжрэлийг бууруулах зорилгоор техникийн шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөж буй юм.

Дэлхий даяар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх чиглэлд анхаарч буй өнөө цагт Улаанбаатар хотын хувьд ч мөн ногоон хөгжлийг чухалчлан үзэж байна. Энэ хүрээнд нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хотыг бий болгох, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 6.5 ам метрт хүргэхээр төлөвлөжээ. Уг зорилттой холбогдуулан Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хаах ажлыг үргэлжлүүлэн, 12 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. 2020-2022 онуудад тус газрын 30 га талбайг нөхөн сэргээгээд байгаа билээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, газар зохион байгуулалтыг шинэчлэн, хот байгуулалтад ухаалаг технологи нэвтрүүлэх зорилгоор 123 төсөл, арга хэмжээг төлөвлөж байна. Тухайлбал, “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 15 байршилд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтыг үргэлжлүүлэх аж. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон, эко орон сууцуудыг барьж, ашиглалтад оруулах ажлыг ч мөн тусгажээ.

Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох түгжрэлийг бууруулах чиглэлээр 29 төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор явган хүний замыг шинэчлэх засах, шинээр авто замын барилга, байгууламж барих, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зэрэг ажлуудыг нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ирэх онд ч мөн уг бодлого, ажлыг хэрэгжүүлж, нийт 10.2 км авто зам, 1150.6 метр гүүрийг үргэлжлүүлэн барих юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, инженерчлэхээр төлөвлөжээ.

Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөний төслийн тухай саналаа хэлж, уг саналуудыг тусган Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр тэмдэглэл гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ