Ц.Мөнхцэцэг: Тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж буйг дэмжихгүй байх үндэслэл байна
2022.09.05

Ц.Мөнхцэцэг: Тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж буйг дэмжихгүй байх үндэслэл байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлаж буй шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг  байрь сууриа  илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, 

Миний хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй байх үндэслэл байна.

"Замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа МАН-аас олонх болон бүрдсэн Нийслэлийн удирдлага иргэдийн эрх ашиг, нийгмийн шударга ёс, намын эрхэмлэн дээдэлдэг үзэл баримтлал, үнэт зүйлс зэрэг олон хүчин зүйлсийг тооцон үзэх шаардлагатай байна.

Нэгт: Нийгмийн тэгш байдал, шударга хуваарилалтыг үнэт зүйлээ болгодог МАН-ын социал демократ бодлогод огт нийцэхгүй.

Монголд нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрсэн. Тэр дундаа улс төрийн эрх мэдэлд ямар нэг байдлаар баяжиж чадсан, хөрөнгө мөнгө хуримтлуулсан хүмүүс илүү нөлөөтэй байж, гаргаж буй шийдвэрүүд нь энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус, харин нийгэмд илүү давуу эрх, боломж эдэлж ирсэн давхаргын нүдээр харсан, тэдний эрх ашигт нийцсэн буюу цөөнхөд үйлчилсэн маягаар явж ирсэн билээ.

Тийм учраас МАН үүнийг өөрчилж , хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулахыг гол зорилтоо болгож 2021 оны 12 сард 30 дахь их хурлаа хийж социал демократ үзэл баримтлал бүхий "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-оо зарласан.

Гэтэл машиныг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр нь нэг машинтай айл өрхөд хохирол учруулах шийдвэр атал 2 ба түүнээс дээш машинтай цөөнх, эсвэл дахин нэг машин худалдан авах боломжтой орлого өндөртэй бүлгийн эрх ашигт давуу тал авчрах болно. Өөрөөр хэлбэл МАН-ын гол үнэт зүйл болох нийгмийн шударга ёсонд нийцэхгүй.

Хоёрт: Эдийн засгийн хувьд харалган шийдвэр. Өнөө маргаашдаа замын хөдөлгөөнд оролцох машины тоо буурч буй мэт харагдах ч урт хугацаанд машины эрэлт, импортыг улам нэмэгдүүлж, УБ хотын зам дээрх машины тоо ихэд нэмэгдэнэ. Тэр дундаа хуучин, буруу хүрдтэй машинууд нэмэгдэх эрсдэлтэй.

Ийм шийдвэр гаргахын оронд машиныг орлох альтернатив хувилбарууд буюу нийтийн тээврийн зорчих чиглэл, үйлчилгээнд гарах тоог нэмэгдүүлэх, дугуйн хэрэглээг дэмжих, дугуйн замуудыг стандартын дагуу барьж өргөжүүлэх, сургуулийн автобусны тоог эрс нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй байна. Том хотууд бол нийтийн тээврээр л замын түгжрэлийг шийдсэн байдаг. Ийм учраас би энэ үндэслэлээ Нийслэлийн удирдлагуудад хэлж, замын түгжрэлийг шийдэх оновчтой арга замыг олохыг уламжилна" гэв

ШИНЭ МЭДЭЭ