“Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо” хэлэлцүүлэг боллоо
2022.09.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар зохион байгуулсан энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан болон спортын холбоодын төлөөлөл болсон 75 хүн оролцлоо.

Энэ үеэр сайд Б.Бат-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар төрийн зүгээс спортын салбарт баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулав.

Харин спортын холбоодын төлөөллүүд өөрсдийн салбарт тулгарч буй асуудал, шийдэх арга замын талаар санаа бодлоо хуваалцаж, зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай ажлын талаар санал хүсэлтээ уламжлав.

Сайд Д.Амарбаясгалан “Алсын хараа-2050” хөтөлбөрт спортын салбарын талаар тусгасан бодлогуудыг танилцуулснаас гадна иргэдийн спортын мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх тал дээр холбоодтой хамтран ажиллах хүсэлтэйгээ хэлж, допингийн эсрэг үндэсний дүрмийг шинэчлэн батлахаар ажиллаж байгааг мэдэгдэв.

Хэдийгээр улс төр, геополитикийн нөхцөл байдлын улмаас улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Парисын олимпын угтал жил болох 2023 онд биеийн тамир, спортын салбарт хуваарилах төсвийг бууруулахгүй байхад анхаарлаа хандуулж байгаагаа мөн дуулгалаа.

Спортын холбоодын зүгээс ТББ-уудын бүртгэлийн асуудалд анхаарах, спортын салбарын хөрөнгө оруулагчдыг татвараар дэмжих, биеийн тамирын багш нар, спортын боловсон хүчнийг чанаржуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх, гадаадаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч авчрахад тулгардаг хүндрэлүүдийг багасгах, визний журмыг хөнгөвчлөх, үндэсний шигшээ багийг өргөжүүлэх, спортын материаллаг баазыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлын хүрээнд санал хүсэлтээ илэрхийлэв.

Сайд Х.Нямбаатар визний журмыг хялбаршуулах асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулахаа хэлж, хуульд өөрчлөлт оруулах замаар ТББ-уудын бүртгэлийг цэгцлэхээр ажиллаж байгааг дуулгав. Мөн бооцоот таавар, тоглоомын хууль батлуулах замаар спортын холбоодын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг багцалж, шийдүүлэх тал дээр анхаарал хандуулахаа энэ үеэр хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ