МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ
2022.10.06
Эдийн засаг, Худалдаа

Гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ

УИХ-ын чуулганы /2022.10.06-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд анхаарсан гэж Монголбанкнаас танилцуулав. Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах, гадаад санхүүжилтийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлахаар 2023 оны мөнгөний бодлогод тусгасан .

Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байгаа. Мөн Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бизнесийн орлогыг төрөөс дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар тусгасан. Гадаад валютын гадагшаа урсах чиглэлийг бууруулж, гаднын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч төслийг боловсруулсан гэв.Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулах, банкны салбарт АйПиОу (IPO) хийгдэх боломж нээгдэж байгаа учраас шинээр татагдах хөрөнгийн хэмжээгээр зээл олголт хэвийн болно гэж Төв банк тооцоолжээ.

2023 онд экспортын орлогыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамт буурч, макро эдийн засгийн бодлогын хувьд банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр зорьсон аж. Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ