“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажиллана
2022.10.10
Орон нутгийн хөгжил

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 10 сар гаруйн дараа болох Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооноос спортын салбарын удирдлагуудад тус наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

 Энэхүү уулзалтад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, ЗБХ-ны Нийслэлийн дэд хорооны дарга З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав.

 

Тамирчид, зочид төлөөлөгчдийг хаана байрлуулах, тэмцээн уралдаануудыг хаана хэрхэн явуулахаар төлөвлөж байгаа, наадмын уриа үг, лого, маскотыг хэрхэн сонгосон, нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөө, наадам зохион байгуулснаар Монгол Улсад орж ирэх эдийн засгийн өгөөж зэрэг олон чухал мэдээллийг зохион байгуулагч тал өглөө.

Сайд Б.Бат-Эрдэнэ төсөв мөнгөтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр анхаарал тавьж ажиллана гэдгээ энэ үеэр хэлэв.

Зүүн Азийн залуучуудын наадамд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөнө. Дасгалжуулагч, албаны хүмүүс, хэвлэл мэдээлэл зэргийг тооцвол 4500 гаруй хүн наадмын үеэр Монголд хүрэлцэн ирэх урьдчилсан тооцоо гараад байна.

ШИНЭ МЭДЭЭ