МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар БЗД-ийн 3000 гаруй багшид хүндэтгэл үзүүллээ
2022.10.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар БЗД-ийн 3000 гаруй багшид хүндэтгэл үзүүллээ

Багш нарын баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 3000 гаруй багшид зориулсан “Багшаа дэмжье” хүндэтгэлийн арга хэмжээг “Улаанбаатар” паласт зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын 64 сургууль, 189 цэцэрлэгт 94506 сурагч суралцаж, 3400 гаруй багш нар сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа бий. Энэ нь нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.

“Багшаа дэмжье” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ манлайлсан багш нарт төрийн дээд одон медаль гардуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид, “Анир” Монголын анхны поп оркестр болон бяцхан сурагчид оролцож урлагийн үзүүлбэрээр багш нартаа мэнд дэвшүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Улс эх орны тогтвортой хөгжлийн үндэс бол хүний хөгжил. Хүний хөгжлийг монгол гэртэй зүйрлэвэл багана нь боловсролын салбар, тэр дундаа багш сурган хүмүүжүүлэгчид билээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд дунд хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт “Хөгжлийн зураглал 2030”-ийг боловсруулсан. Энэхүү бодлогын бичиг баримтад 2030 он гэхэд Баянзүрх дүүргийн боловсролын салбарын хөгжлийн хүрэх түвшинг тодорхойлж, тэр хүртэл бага гэлтгүй бүх л ажлыг шат дараатай төлөвлөсөн гэдгийг дуулгахад таатай байна.

Ингэснээр багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин нөхцөл таатай болно. Эх орны ирээдүйг бүтээж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж буй багш нарын нийгмийн асуудал, цалин урамшуулал, нийгэмд эзлэх байр суурийн асуудлыг дүүрэг, нийслэл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтран шийдвэрлэн ажиллах болно” гэв.

“Багшаа дэмжье” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хоёр багшид орон сууцны урьдчилгааг шийдвэрлэж өгсөн нь үйл ажиллагааны гэнэтийн бэлэг байлаа. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ