Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо
2022.10.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр (2022.10.11) “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас 280 дугаар тогтоол гарган, Их Эзэн Чингис хааны музейг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган, “Чингис хаан” хаад, язгууртны музейд залав.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивд байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг үзмэрийн хоргонд байрлуулжээ.

“Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2,000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг музейн захирал, академич С.Чулуун онцлов.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчлэх юм байна.

Уг музейд,

  • - Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • - Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • - Их Монгол Улс;
  • - Монголын Их эзэнт улс;
  • - Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • - Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • - Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.

Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг юм.

Музей нь тусгайлан тоноглосон сан хөмрөгтөө үзмэр бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах лабораториудтай. Музей үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театраар үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээг авахад нийт 8.5 цаг, зөвхөн музейг үзэх сонирхоход 5 цаг зарцуулах хэмжээний баялаг үзмэртэй. Музейн үзмэр бүрд QR код байх бөгөөд орос, англи, хятад, франц, испани хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой аж.

ШИНЭ МЭДЭЭ