МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудал дэмжигдсэнгүй
2022.10.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудал дэмжигдсэнгүй

Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг уг асуудлаар Улсын Их Хурлын даргад ирсэн бичиг болон Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийг танилцуулснаар Соёлын дэд сайд М.Батбаяр болон Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Үндэсний номын сангийн барилгын ажлын талаар гишүүдэд тайлбар, мэдээлэл өгөв.

Дэд сайд М.Батбаяр мэдээлэлдээ, Үндэсний номын сангийн шинэ барилга, өргөтгөлийн зураг төсөв нь анх 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1290/2013 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 12,1 тэрбум төгрөгөөр батлагдаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2075/2019 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 16,19 тэрбум төгрөгөөр тус тус хянагдсан. Барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас /хуучнаар/ “Акми Холдинг” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3/206 тоот 11.999,8 сая төгрөгийн гэрээ байгуулж ажилласан. Түүнээс хойш нийт таван удаа гэрээний үргэлжлэх хугацааг сунгасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/ болон “Акми Холдинг” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3/206+5 тоот 6,900.2 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулснаар гэрээний нийт дүн 18,900.0 сая төгрөг болж өссөн. Мөн 2022 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, нийт төсөвт өртөг 19,900.0 сая төгрөг болж, тухайн онд санхүүжих дүн 2,081.8 сая төгрөгөөр батлагдсан.

Одоогийн байдлаар барилгын А, Б, В блокуудын өрлөг, дээвэр, дотор шавар, хар шал, гадна бохир усны шугамын угсралтын ажил, шилэн фасад, чулуун фасад, метал фасад, дотор цахилгааны ажил, дотор холбоо дохиолол, халаалт салхивчны ажил, хөргөлтийн шугамын сүлжээ, лифтний зам тогтоох, гадна холбооны сувагчлал, гадна цахилгааны кабелийн зэрэг ажлууд хийгдсэн.

Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1953/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус барилгын гадна фасадны металл өнгөлгөөний 1873.7 м2 бүхий тоо хэмжээгээр нэмэгдэж 794,815,385 төгрөгөөр хянагдсан гээд барилгын гадна фасадны гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн, 2022 онд хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1953/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус барилгын гадна фасадны металл өнгөлгөөний 1873.7 м2 бүхий тоо хэмжээгээр нэмэгдэж, 794,815,385 төгрөгөөр хянагдсан тул нэмэлт гэрээ болон гэрээний хугацаа сунгах шийдвэр 2022.02.17-ны өдөр гарсан ч “Акми холдинг” ХХК-аас нэмэлт гэрээний гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх боломжгүй байгаа тул эхний ээлжинд гэрээний хугацааг 2022.08.01-ний өдөр хүртэл сунгасан.

Үндэсний номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь таалал төгсөж, компанийн өвлөгч /удирдлага/-ийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компани эрх зүйн чадамжгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон, асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Соёлын яамны зүгээс 2022 оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллагатай үе шатны хуваарь гарган ажилласны дээр гүйцэтгэх захирал Г.Ганбилэг /түр орлон гүйцэтгэж буй/ болон төлөөлөлд албан бичиг хүргүүлж, барилгын ажлыг шуурхайлж, ашиглалтад өгөх талаар үүрэг чиглэл өгсөн боловч тус компанийн албан ёсны удирдлага тодорхой болоогүйн улмаас ажил эхлээгүй. Соёлын яамнаас асуудлаа шуурхай шийдвэрлэж ажлаа явуулах талаар тус компанийн төлөөлөлтэй 10-аас дээш удаагийн уулзалт хийсэн ч эцсийн шийдэлд хүрээгүй байна.

Засгийн газрын 2022.09.05-ны өдрийн хуралдаанд Соёлын салбарын зарим төсөл, арга хэмжээний явцад үүссэн нөхцөл байдлын талаар хийсэн танилцуулгад тус барилгын талаарх мэдээллийг оруулж, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, мөн барилгын интерьер заслын ажлын зардалд 2.0 тэрбум төгрөгийг төсөвт тусгах санал танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны 44 дүгээр тэмдэглэлээр барилга угсралтын ажил нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй зарим барилгыг дуусгах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

Соёлын яамнаас 2022.09.26-ны өдрийн 3/2479 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус ХХК-ийн холбогдох хүмүүст хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон үлдэгдэл ажлыг тооцож авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв.

Үндэсний номын сангийн захирал Ч.Ичинхорлоо Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орсноор дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн ололтод тулгуурласан сан хөмрөг бүхий олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан бүх насныханд үйлчлэх номын сантай болох талаар мэдээлэл өгөв.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Үргэлжлүүлэн Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй

ШИНЭ МЭДЭЭ