МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: МСҮТ-д суралцах иргэдийн насны хязгаарыг тогтоох боломжтой юу?

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё:Баатарбилэг:

Мэргэжлийн боловсролын тухай маш чухал хууль орж ирлээ, хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. МСҮТ-үүд боловсрол олгохтой холбоотой нэлээн хэдэн зохицуулалтууд орж ирж. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагчдад олгох тэтгэлэг, тэтгэмжийн асуудлууд, сургалтын байгууллагын суралцах хугацааны тухай асуудлууд хөндөгдөж байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үнэлгээ, баталгаажуулалтын  асуудлууд яригдана. Үүн дээр сургалтын чиг үүрэг, харьяаллын асуудал давхар яригдах юм. МСҮТ нь боловсролын байгууллага. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, курс дамжааны асуудал огт биш.

Монгол Улсын боловсролын тогтолцоо, Боловсролын яаманд харьяалагдсанаараа “цогц” боллоо хэмээн харж байна. Техникийн боловсрол олгодог энэ тогтолцоо чинь өөр яам руу шилжчихээд “гажиг” үүсээд байсныг, Л.Энх-Амгалан сайд нэгтгэж, цогц болгож байгаа нь чухал алхам юм. 

МСҮТ-д суралцах хугацааг сайтар анхаарахгүй бол хэт богино болчих вий гэсэн болгоомжлол байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Түүнчлэн насны асуудал байна. Ямар ч насны хүн сурч болно гэх маягаар явж ирсэн. Орон нутаг дахь МСҮТ болон хувийн МСҮТ-д чинь хувьсах зардал авах зорилгоор замбараагүй бүртгэл хийж байна. Үүн дээр салбарын яам судалгаа болон хяналт, шалгалт хийсэн үү?

Хичээлдээ суудаггүй, сарын 200 мянган төгрөгийн тэтгэмж авахын төлөө бүртгүүлчхээд яваад байгаа асуудал сонсогддог. Хэрэв ийм асуудал байвал хэрхэн засаж залруулах вэ? 

Ер нь цаашид МСҮТ-д суралцах насны хязгаарыг тогтоовол яасан юм. Аль ч улс оронд сургуулиудад насны хязгаар тавьдаг шүү дээ. Хавтгайрсан халамжийн байгууллага мэт л болчхоод байгаа харагдах юм. Үүн дээр Л.Энх-Амгалан сайд ямар байр суурьтай байна?

Үүний сацуу МСҮТ-ийн багш ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд, тэдгээр хүмүүсийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Түүний асуултад, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: МСҮТ-ийн багш нарын нийгмийн баталгаа, дэмжлэгт хэрхэн анхаарч байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ