Эмнести: Иранд жагсаалын үеэр 140 гаруй хүн амиа алджээ
2022.10.17
Хүний эрх

Эмнести: Иранд жагсаалын үеэр 140 гаруй хүн амиа алджээ

Иранд залуу эмэгтэй цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан явдлаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулаас хамгаалах хүчнийхэн, жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас 140 гаруй хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн сард 22 настай Махса Амини гэх бүсгүй толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар баривчлагдсан бөгөөд хожим нь есдүгээр сарын 16-ны өдөр нас баржээ. Энэ нь түүнийг цагдаа нарт зодуулсны улмаас амиа алдсан гэж үзэж буй жагсагчдыг сар дамнан эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхэд хүргэсэн байна.

Ираны Засгийн газрын зүгээс бүсгүйг өвчний улмаас нас барсан гэж мэдээлсэн юм. Гэвч аюулаас хамгаалах хүчнийхэн, жагсагчдын хооронд мөргөлдөөн үргэлжилж байна. Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлснээр, Иранд 10 дугаар сарын эхэн үеийн байдлаар 144 хүн амиа алдсаны дунд 11-17 насны 23 хүүхэд байжээ.

Эсэргүүцлийн жагсаалд залуучууд олноороо оролцож байгаа бөгөөд Ираны сэхээтнүүдийн ярьж байгаагаар, интернэтээс бусад улс орнуудын мэдээллийг авч буй залуу үеийнхний хувьд илүү уур бухимдалтай байна.

Ираны парламтентын хороо ням гарагт гаргасан нэгэн тайландаа толгойн алчууртай холбоотой дүрэм журмыг хууль эрх зүйн зохицуулалт эсвэл бусад аргаар хянан үзэх шаардлагатай байгааг онцолжээ.

ШИНЭ МЭДЭЭ