ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Х.А.Самаранчийг хүлээн авч уулзав
2022.10.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Х.А.Самаранчийг хүлээн авч уулзав

Манай эх оронд айлчилж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг даваа гарагт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан улс эх орноо төлөөлөн олимп, тив, дэлхийн наадамд оролцож байгаа баг тамирчдаа Төр засгаас бодлогоор дэмжих, олон нийтэд олимпын боловсрол олгох, спортоор дамжуулан нийгэмд сайн сайхан, тэгш оролцоо, эрүүл амьдралыг сурталчлах тал дээр хамтарч ажиллах болно гэв.

Ноён Самаранч дайн байлдаан, улс төр зэрэг нийгмийн асуудлаас шалтгаалж тамирчид гадуурхагддаг, эрх ашиг нь хохирдог асуудал байж болохгүй гээд ОУОХ удахгүй хуралдаж энэ асуудал дээр тодорхой чиглэл гаргах болно гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн сайд Б.Бат-Эрдэнэ төрөөс спорт, олимпизмыг хөгжүүлэх, бүх нийтийг хамруулах, олимпын үзэл санааг хүүхэд багачуудад өвлүүлэх чиглэлд МҮОХ-той хамтран өргөн хүрээтэй ажиллаж байгааг дуулгав. Талууд цаашид спорт, олимпизмын үйл хэрэгт нягт хамтран ажиллахаар тохирлоо.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга, “Парис-2024” олимпын Монголын багийн ахлагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар ноён Самаранчийг хүлээн авч уулзлаа.

Засаг дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий мэдээллийг өгч, ирэх онд нийслэл хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар танилцуулав.

Ноён Самаранч энэ үеэр “Олимпын наадамд оролцож байсан тамирчин хүнтэй уулзахад үргэлж сайхан байдаг. Тамирчны карьерийн шилжилт маш чухал асуудал байдаг бөгөөд олон тамирчин улс төр, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаад талархалтай байна” гэв.

Мөн Парисын олимпын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, манай тамирчдыг тус олимпод амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

“Парис-2024” олимпын зохион байгуулагчид нээлтийн ёслолыг Сена мөрний эрэг дээр өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөж буйг ноён Самаранч танилцуулсан. Тухайлбал, баг тамирчид нээлтийн ёслолд завин дээр суун Сена мөрний уснаа хөвсөөр орж ирэх өвөрмөц шийдлийг зохион байгуулагчид санал болгоод байгаа юм.

Ноён Самаранч нь ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн хүү бөгөөд 2016-2020 он болон 2022 оноос хойш ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Түүний аав Хуан Антонио Самаранч манай эх оронд 2 ч удаа айлчлан ирж байсан бөгөөд 1987 онд ОУОХ-ны ерөнхийлөгчийн хувиар айлчлан ирэхдээ МҮОХ-ны Олимпын музейн нээлтэд оролцож байв.

ШИНЭ МЭДЭЭ