Дотоодын мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
2022.10.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Дотоодын мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 2022 оны УИХ-ын хаврын чуулганаар баталсан билээ. Энэхүү тогтоолын төсөлд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгал, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох хууль эрх зүйн орчинг сайжруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгасан.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Цалуут импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр, М-Си-Эс Кока Кола” ХХК зэрэг үндэсний зарим үйлдвэрүүдтэй танилцаж, учирч буй саад бэрхшээл болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа дэмжлэг, хамтын ажиллагааны талаар уулзаж санал солилцлоо.

Монгол улс 2030 он хүртэл малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж, жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа. Харин хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж.

Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай, усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай. Тогтоолыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 1.7 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 2023 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ