Монгол Туркийн хамтын ажиллагаанд Хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлнэ
2022.10.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Монгол Туркийн хамтын ажиллагаанд Хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлнэ

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хамт 2022 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр талууд хоёр орны найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан илэрхийлж, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Манай улс дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаараа хангадаг, жил бүр 100 мянган тонн мах, 25 сая ширхэг арьс шир экспортлох бүрэн боломжтой

Иймд Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, манай орны хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эрчимжүүлэх, улмаар манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойг дурдлаа.

Айлчлалын хүрээнд Анкара хотноо зохион байгуулсан “Монгол-Туркийн бизнес форум”-д оролцож, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчин, хамтын ажиллагааны үр шимийн талаар илтгэл тавьж, “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар танилцуулга хийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ