НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Баянгол дүүрэг БНСУ-ын Танжин хоттой хамтран ажиллана
2022.10.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баянгол дүүрэг БНСУ-ын Танжин хоттой хамтран ажиллана

БНСУ-ын Танжин хотын захиргаа, ИТХ, ХАҮТ, Аж үйлдвэрийн холбооны төлөөлөгчид Баянгол дүүрэгт өргөн бүрэлдэхүүнтэй зочлоод буцлаа.

Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа ажлын албаны дарга А.Даваажаргал болон ИТХ-ын төлөөлөгчид, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон хүлээн авч, найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг, улирлын чанартай ажилтан ажиллуулах хамтын ажиллагааны хэлэлцээр хийн, баримт бичигт гарын үсэг зуран баталгаажуулсан юм.

БНСУ-ын хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй улирлын чанартай гадаад ажилтан ажиллуулах хууль, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, БНСУ-ын Танжин хот хооронд газар тариалан, загас агнуур болон бусад салбарт ажиллах 30-45 насны иргэдийг жил бүрийн 1-6 сар,  7-12 сарын хооронд тус хот руу илгээх ажлыг зохион байгуулах, иргэдийн ажиллах нөхцөл, эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах үүргийн талаар харилцан тохиролцжээ.

Албан уулзалтыг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ:

Бидний урилгыг хүлээн авч, алс хязгаар хилийн чанадаас Монгол Улсад хүрэлцэн ирсэн та бүхнийг манай байгууллагад тавтай зочлохыг урьж байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувиар дэлхий нийтийн даяарчлал, зэрэгцэн хөгжих чиг хандлага НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүд, нийгмийн хөгжил хамгаалал, өрхийн амжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсролын чиглэлүүдэд түлхүү анхаарч, илүү мэдрэмжтэй ажиллахыг чухалчилж байна.

Монгол улсын 2022 оны жилийн эхний судалгаагаар улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2 сая 125 мянга 600 хүн байгаагийн 1 сая 232 мянга 800 нь ажиллах хүч гэж үзсэн. Харин Баянгол дүүрэг 230 гаруй мянган хүн амтай. Тэдгээрээс 2022 оны 05 сарын байдлаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэсээр дамжин ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо 925, түүнээс бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 760 байна. Энэ бол зөвхөн албан ёсны төрийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлсэн тоон үзүүлэлт. Харин бусад хэлбэрээр ажил хайж буй иргэдийн тоо үнээс ч их гэдгийг амьдрал, практик бидэнд харуулдаг. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жил бүр нэмэгддэг хэдий ч өнөөгийн нийгэм, зах зээлийн бодит өртөгтэй харьцуулахад хөдөлмөрийн хөлс, цалин орлого бага байгаагаас иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрэн хангагдаж чадахгүй байна. Иймд дүүргийн удирдлагын хувьд ард иргэдээ өндөр цалин орлоготой, ажлын туршлага мэдлэгтэй, найрсаг хөрш орнуудын соёл ёс заншлыг ойлгож хүндэтгэдэг, зэрэгцэн орших чадамжтай иргэд болгон хөгжүүлэхэд та бидний хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн Баянгол дүүргийн иргэд найрсаг хамтын ажиллагаатай Солонгос оронд хууль журмыг чандлан баримтлаж, итгэл зүтгэлтэйгээр ажиллана гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна” хэмээн онцолсон юм.

Тус үйл ажиллагаанд БНСУ-аас Танжин хотын дарга Өү Сеонг Ван, тус хотын Тамгын газрын дарга Ким Жи Ван, хотын захиргааны Газар тариалангийн бодлогын хэлтсийн дарга Еэ Нам Гил, Гадаад харилцааны албаны дарга Шин Ван-Хо, Танжин хотын ИТХ-ын дарга Ким Дүкжоо, ИТХ-ын төлөөлөгч Чой Еэнсүүк, Ким Бонгум, Танжин хотын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Лим Буонгвоо, Танжин хотын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Лее Бумжоо, Танжин хотын ХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Муомгдонг, Танжин хотын АҮ-ийн холбооны Ерөнхийлөгч Хан Киёонг, АҮ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч Сим Дугжин нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ