МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Мөнхцэцэг: Монгол Улс шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хөгжих ёстой
2022.10.20
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Г.Мөнхцэцэг: Монгол Улс шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хөгжих ёстой

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өчигдөр /2022.10.19/ Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажлын явц болон эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Тэрбээр эхлээд эл салбарт сүүлийн 100 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын нэг болох Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын үйл явцтай танилцлаа.

Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг энэ үеэр, “Аливаа улс орны хөгжлийн тулгуур суурь салбар нь шинжлэх ухаан байдаг. Бид сүүлийн 30 гаруй жил хөгжлийн сууриа шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан зөв эрэмбэлж чадсангүй. Цаашид шинжлэх ухааны судалгаагүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүйг цаг үе харуулж байна. Байнгын хорооноос шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана" гэдгийг онцолж байлаа.

Шинжлэх ухааны академийн удирдлагын зүгээс, энэ цогцолбор ашиглалтад орсноор шинжлэх ухааны салбарын 16 хүрээлэн нэг дор судалгаа шинжилгээ хийх, кластер төв болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг тодотгоод цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал нь цогцолборын төсөвт өртөгт нөлөөлж эхэлснийг дуулгав. Иймд тус Байнгын хорооноос цогцолборын барилгыг хугацаанд нь дуусгахад шаардагдах төсвийн хөрөнгө оруулалтад анхаарч, тодорхой зохицуулалт хийхийг хүсэв.

Дараа нь Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Биологийн хүрээлэнгээр тус тус зочилж, эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Үргэлжлүүлэн Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэнгийн захирал болон шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүдтэй уулзалт хийж, эрдэмтэн судлаачдын тулгамдсан асуудлууд, салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хууль тогтомжийн хэрэгжилтийн талаар хөндөн ярилцав.

Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг уулзалтын үеэр, “Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгад шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн асуудалд анхаарал хандуулна гэдгээ илэрхийлээд, энэ салбарт хөрөнгө оруулалт орхигдсон, ажиллах орчин нөхцөл тааруу, багаж, тоног төхөөрөмж дутагдалтай, эрдэм шинжилгээний ажилчдын цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг тулгамдсан олон асуудлууд байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, шинжлэх ухааны салбарт тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах нь чухал. Эдгээр хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсролын багц хуультай хамт хэлэлцүүлэн, батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашдаа Байнгын хорооны даргын хувьд тус салбарт тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж, шийдвэрлэхэд анхаарч ажиллана” гэдгээ мэдэгдлээ

ШИНЭ МЭДЭЭ