2022.10.20
Хүний эрх

Б.Энхбаяр: Улсын болон албаны нууцын талаар шүгэл үлээх асуудлыг тодорхой болгох ёстой

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.20/-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Миний хувьд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Учир нь МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх асуудалд анхаарч, хуулийн төслийг УИХ-д өөрийн биеэр өргөн барьж улс төрд манлайлал үзүүлж байна хэмээн харж байна. Энэ манлайллыг УИХ-аас дэмжих үүрэгтэй.

Улсын нууцтай холбоотой гүйцэтгэх ажлын мэдээ, баримтыг шүгэл үлээгчийн хуулиар далимдуулж, төрийн нууцын арга хэрэгсэл болоод бүрэн эрхээр олж авсан мэдээллийг ХМХ-ээр дамжуулж ил гарган ашиг хонжоо олох зорилгоор мөнгө хуваан авдаг. Энэ нь төрийн хар хайрцгийн бодлого тусгай албадын үйл ажиллагаанд нэн хохиролтой.

УИХ, Засгийн газар болоод албан тушаалтнууд мэдээллийн сайтуудаас төрийн нууц мэдээллийг олж авдаг шүү дээ. Энэ нь цаанаа тухайн сэтгүүлч ямар нэг албан тушаалтантай холбоотой байна гэсэн үг. Мэдээллийг эхлээд сэтгүүлчээр дамжуулан гаргуулж аваад, тэгээд буруутан болгож олон нийтийн өмнө зарлаж байгаад ажил хийдэг хуулийн сүлжээ байгаа. Үүн дээр олон ч жишээ дурдаж болно.

Гүйцэтгэх ажилтнууд маань сэтгүүлчтэй эсвэл хөндлөнгийн нөхөртэй хуйвалдан улмаар олж авсан утасны яриа, мэдээллээ дээд удирдлагадаа танилцуулж, хууль ёсны дагуу шийдвэрлэх гэхээсээ илүүтэй мөнгө олох зорилгоор өөр хэн нэгнээр сэвүүлдэг. Ингэхдээ хаалтын гэрээ хийгдэнэ. Олсон мөнгөө хуваан авдаг сүлжээ рүү орно. 

Мэргэшсэн тусгай албадын хүчийг нэлээн суллана шүү. Үүнийг сайтар бодох учиртай. Ямар тохиолдолд гүйцэтгэх ажилтнуудын мэдээллийг хамгаалах вэ гэдэг асуудал, маш нарийн заагтайгаар хуульчлагдах ёстой.

Улсын нууц, албаны нууц дээр асуудлыг маш тодорхой болгохгүй бол Монгол төрийн дархлаа, хар хайрцгийн бодлогыг алдагдуулна хэмээн харж байна.

ШИНЭ МЭДЭЭ