МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
2022.10.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Д.Батлут, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын нэр бүхий гишүүд /2022.10.21) “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010 онд, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг 2020 онд, Монгол Улсын Засгийн газраас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг 2018 онд тус тус баталсан.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайлан, танилцуулгад дурдсанаар Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумдад үхрийн арьс товруутах өвчний улмаас нийт 1,252 толгой үхрийг зайлшгүй шаардлагаар устгалд хамруулсан байна. Мөн үхрийн арьс товруутах өвчний зэрэгцээ хонины цэцэг өвчин Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумдын 2,5 сая толгой малыг дархлаажуулах ажил 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байгаа хэдий ч энэ ажлын явц 19 хувийн хэрэгжилттэй явагдаж байгаа нь туйлын хангалтгүй байгаа аж.

Иймд Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдах ажлыг эхлүүлсэн бөгөөд үйлдвэр баригдсанаар жил бүр гаднаас авч байгаа малын вакциныг дотооддоо үйлдвэрлэх, малыг бүрэн хэмжээнд вакцинжуулж мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтныг эрүүлжүүлэх нөхцөл хангагдаж, цаашид вакцин экспортлох боломж бүрдэн, жилд дунджаар 10.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10.0-15.0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20.0 сая тун хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг үйлдвэрлэх боломжтой гэсэн техник эдийн засгийн тооцоог хийсэн байдаг.

Гэтэл дээрх төслийн хэрэгжилтийн явц өнөөдөр ямар шатанд хэрхэн хэрэгжиж байгаа, Биокомбинатын үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэзээ хэвийн тогтвортой ажиллах талаар судлан, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, төслийн явцыг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр бодлогын түвшинд анхаарч хяналт тавьж ажиллах шаардлага үүсэж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.

Тэрбээр, мах экспортын асуудлыг авч үзвэл Монгол Улс 2018 онд 70.4 мян.тн, 2019 онд 58.6 мян.тн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон ба (КОВИД-19)-ын цар тахлын улмаас дээрх тоо, хэмжээ 45 хувь буурч, 2020 онд 38.8 мян.тн, 2021 онд 21.8 мян.тн, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 3.5 мян.тн мах, махан бүтээгдэхүүн тус тус экспортолсон тухай дүн мэдээ байгаа нь махны экспорт 2018 оноос хойш тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мах экспортлох асуудлыг эрчимжүүлж малын мах болон бусад түхий эдийг экспортлох хүсэлтэй Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон импортлогч улсын мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах талаар тавьсан шаардлагыг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн экспортыг сэргээх, эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд дэмжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт, Биокомбинат ТӨХХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн асуудлаар шалгалт хийн, дүнг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах, санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ