МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.10.25

Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо өнөөдөр (2022.10.25) хуралдаж, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв.

Тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм. Хянан шалгах түр хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд баруун болон зүүн аймгуудаар ажилласан талаарх мэдээллийг Г.Ганболд дарга танилцуулсан.

Хуралдаанаар эхлээд хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажлын удирдамжийг хэлэлцсэн юм. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа зөрчил, дутагдал, хүндрэлийг шалган тогтоож, хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн хяналт, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөл, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, чөлөөт бүсийн захирагч зэрэг төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа, холбогдох хууль тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, тус хянан шалгах түр хороо санал дүгнэлт гаргах юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Бейсен, С.Ганбаатар, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Ц.Анандбазар нар тодруулга хийж, хянан шалгах түр хорооны ажлын удирдамжтай холбоотой саналууд хэлсэн. Ингээд Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны ажлын удирдамжийг Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолын хүрээнд батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны “Түр хорооны ажлын удирдамж батлах тухай” тогтоолыг баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны “Хянан шалгагч томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Н.Адьяацэрэн, Д.Сугар, Т.Оюунбаатар, М.Батмөнх, Д.Мягмарсүрэн нарыг томилох асуудлыг нэгбүрчлэн хэлэлцэв.

Нэр дэвшигч нэг бүрийг танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигчдийг хянан шалгагчаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүд олонх нь дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийг тус тус үндэслэн “Хянан шалгагч томилох тухай” хянан шалгах түр хорооны тогтоолыг батлав

ШИНЭ МЭДЭЭ