Их Британийн Парламентын гишүүн, Худалдааны элчийг хүлээн авч уулзлаа
2022.10.25
Гадаад харилцаа

Их Британийн Парламентын гишүүн, Худалдааны элчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ИБУИНХУ-ын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински “Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг "Рио Тинто Монгол" ХХК-тай байгуулсанд талархаж байна. Эдийн засаг, улс төрийн салбарт хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжтой” хэмээсэн юм.

Хотын дарга Их Британийн шинэ Ерөнхий сайдаар Риши Сунак сонгогдсонд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжинө хэмээн найдаж буйгаа хэллээ. Мөн Улаанбаатар хот 36 багц асуудлын хүрээнд түгжрэлийг бууруулах үндсэн ажлуудыг хэрэгжүүлж, цахим хот болох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг онцолсон юм.

Түүнчлэн нийслэлийн зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус импортлох, тэдгээрийг цэнэглэх станц байгуулах, хог дахин боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх зэрэгт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэллээ.

Талууд уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судлахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ