Д.Нарангэрэл: Төрийн өмчийн үзлэг тооллогод “цахим систем”-ийг нэвтрүүлэв
2022.10.27
Эдийн засаг, Худалдаа

Д.Нарангэрэл: Төрийн өмчийн үзлэг тооллогод “цахим систем”-ийг нэвтрүүлэв

Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2020 онд явуулахаар Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол батлагдсан боловч, Дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас уг  тогтоолд хоёр удаа өөрчлөлт оруулж 2022 онд явуулахаар шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн тооллогыг ажлын явцын талаар ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийг урин ярилцлаа.

Юуны өмнө ТӨБЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтоос яриагаа эхлэх үү?

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг  сайжруулж, төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж, төрийн өмчид бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?

 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн талаарх хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох. Төрийн өмчит хуулийн этгээдэд  компанийн засаглалыг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит 6000 гаруй хуулийн этгээдийн эзэмшилд байгаа хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, үзлэг, тооллого явуулахын сацуу өмчийн бүрэн бүтэн байдал, эзэмшилт, ашиглалтад хяналт тавих замаар төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч байна.

Монгол улсын өөрийнхөө өмчийг хэдий хэр хугацаанд тоолдог вэ, түүнчлэн өмчийн анхны тооллого анхлан хэдэн онд хийгдэж байв?

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн анхны жилийн IY улиралд багтаан дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг явуулдаг юм. Төрийн өмчийн хороо байгуулагдан анхны үзлэг, тооллогыг 1997 онд хийж гүйцэтгэсэн байдаг. Түүнээс хойш тооллогыг 2001, 2004, 2008, 2012, 2016 онуудад улс орон даяар зохион байгуулж, дүнгээ гарган үзлэг, тооллогын дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулан, хэрэгжүүлж ирсэн юм. 

Энэ удаа тооллого нь ямар аргачлалаар хэрхэн явагдах болон нийтдээ хэчнээн байгууллага хамрагдах төлөвтэй байна?

Монгол улсад болон гадаад улсад байгаа төрийн өмчтэй 6000 гаруй байгууллага энэхүү тооллогод хамрагдана. Энэ удаагийн тооллого нь онцлогтой болж байна. Учир нь “Цахим Монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн өмчийг иргэдэд ил тод байлгах үүднээс тооллогын дүнг Засгийн газрын томоохон мэдээллийн сангуудтай холбох ажлуудыг эхлүүлсэн бөгөөд бид тусгай зориулалтын программыг ашиглалтад оруулан ажиллаж байна. Тухайн программд өмч, хөрөнгийн мэдээлэл оруулаад зогсохгүй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын сан, Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн баазад байгаа төрийн байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрх, автотээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг татан оруулах замаар эдгээр системийн хооронд мэдээлэл солилцох ажлууд хийгдэж байна.

Өмчийн үзлэг, тооллогын алсын хараа, зорилго нь юу вэ?

Улсын үзлэг, тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээ, хөрөнгийн чанар, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэл зэрэгт үнэлэлт өгөх, төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажих нь нэн чухал. Түүнчлэн олон нийтэд нээлттэй, цахим мэдээллийн санг бүрдүүлэх зорилго  тавин ажиллаж байна.

Газар дээр нь нүдээр үзэн тоолох ажиллагаа нь, төр өөрийн хөрөнгөндөө бүртгэлээр хяналт тавьж буйн том илрэл

Төрийн өмчид үзлэг тооллого хийх явцад голцуу ямар зөрчил гарч байна. Тэдгээрийг хэрхэн засаж залруулах вэ?

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, ашиглалтад нэлээдгүй зөрчил илэрч байна. Үүнд тээврийн хэрэгслийн улсын дугаар нь өөр байгууллагын нэр дээр, худалдсан эсвэл данснаас хассан тээврийн шилжилт хөдөлгөөнийг ‘’Автотээврийн үндэсний төв”-ийн бүртгэлд оруулаагүй, олон жил татвар төлөөгүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй зэрэг зөрчил дутагдлыг дурдаж болно. Тиймээс “’Автотээврийн үндэсний төв”- ТӨҮГ -тай хамтран төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээллийг нэгтгэн гаргаж, уг мэдээллийг тооллогод хамрагдсан дүнтэй тулгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, автотээврийн хэрэгслийн нэр төрөл, тоо, улсын дугаар, эзэмшигч, даатгал, татвар, төлбөр хураамж, торгууль, үзлэг оношилгооны нэгдсэн мэдээллийг тооллогын дүнтэй тулган баталгаажуулах ажил хийгдэж байна.  Түүнчлэн төрийн байгууллагуудын эзэмшилд буй газар эзэмших, ашиглах эрхэд ихээхэн хэмжээний зөрчил дутагдал илэрч байна. Түүнийг нь тооллогын явцад залруулах, ямар учир шалтгаанаар төрийн байгууллагуудын газар өмнө байсан хэмжээнээсээ багасав, ямар зориулалтаар бусдад шилжүүлэв зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

Цахим системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Цахим системийг нэвтрүүлэх ажлыг тооллогын ажилтай зэрэгцүүлэн хийж буй нь өмнөх тооллогуудаас онцлог хэмээн харж байна. Үүнд: Орон нутгийн өмчийн газрууд, Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтран программаа сайжруулан хөгжүүлж, ашиглахтай холбоотой сургалтуудыг байгууллагуудын өмч хариуцсан мэргэжилтнүүдэд системчилсэн байдлаар явуулж байна. Программд мэдээллүүд ч дүүрээд ирж байна. Орон нутгийн өмчийн газрынхныг цуглуулан дүнг нэгтгэж байна.

“Цахим систем”-ийг нэвтрүүлснээр өөр өөр тоо хэлдэг, олон янзын мэдээллийн бааз ашигладаг системийн зөрүү гарч, төрийн өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэж буй томоохон алхам.

Байгууллагуудын төрийн өмчид хандах хандлагын талаар, газар дээр нь нүдээр үзэн тоолоход нөхцөл байдал ямар байна?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөлөөс үүдэн байгууллагуудаар явж тооллого хийх боломжгүй байлаа Газар дээр нь нүдээр үзэн тоолохын давуу тал нь тухайн хөрөнгийн байдалд зохих үнэлгээ хийхийн сацуу хөрөнгийг хэрхэн арвич, хямгач байдлаар ашиглаж байна, хөрөнгөд хандах хандлага ямар түвшинд байна зэрэг нь тодорхойлогддог Тухайн байгууллагын үүдээр ороход л харагддаг гэх үү дээ. Тордоод арчлаад явж байгаа хэсэг байхад. төрийн хөрөнгө гэх сэтгэлээр хандан ариг, гамгүй ашиглаж буй нь ч байна. Түүнчлэн байгууллагын хамгийн том хөрөнгө нь газар байдаг Тухайн газрын эзэмших, ашиглах эрхийг үнэлж бүртгэсэн байдал, кадастрын зураг, улсын бүртгэлд бүртгүүлээд QR код бүхий гэрчилгээ авсан эсэх, уг газраа хуулийн хүрээнд баталгаажуулсан уу. Баталгаажуулаагүйн улмаас иргэн эсвэл хуулийн этгээдтэй ямар нэг маргаан үүсгэн газрыг алдсан, эсвэл давхцал үүссэн гэх зэрэг зөрчлийг арилгахад Газар зохион байгуулалт. геодези, зураг зүйн газартай хамтран ажиллаж байна

Байгууллагын хамгийн том хөрөнгө нь газар эзэмших эрх байдаг

ТӨБЗГ-ын зүгээс цаашид ямар ажилд анхааран ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

“Цахим Монгол хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй системийн шинэчлэлүүд болон Е- Мongolia” нь бидний ажилд ихээхэн түлхэц болж байгааг хэлэх нь зөв. Бид ч цаашид энэхүү мэдээллийн баазыг илүү баяжуулах чиглэлд үе шаттай ажлууд хийхээр төлөвлөөд байна Тооллогын хүрээнд 26 орчим мэдээллийн маягтуудаар мэдээлэл болон хөрөнгийн бүртгэлийг цуглуулахын сацуу хөрөнгө ашиглалттай холбоотой томоохон дүгнэлтүүд энэ ажлын хүрээнд гардаг юм. Хөрөнгө болгоныг үзэж, үзсэн дүнгээ нэгтгэж, нэгтгэсэн дүнгээ хууль эрх зүйн хүрээнд цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулдаг. Яг одоогийн байдлаар өмчийн харилцааны салбарынхан яг энэ чиглэлд гол анхаарлаа хандуулан хичээн ажиллаж байна

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 100 гаран тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийв

“Төрийн хэмнэлтийн тухай хууль” зөрчин албан бус томилолтоор явлаа гэх агуулгатай мэдээлэл цацагдлаа. Үүний талаар үнэн, бодит мэдээллийг өгөх нь зүйтэй байх?

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Улсын үзлэг тооллогыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн 4 жилд 1 удаа улс орон даяар зохион байгуулан явуулдаг. Ковид цар тахлын улмаас улсын үзлэг, тооллого цаг хугацаандаа явагдах боломжгүй болж, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулахаар шийдвэрлэсэн Засгийн газрын 2020 оны 9 тогтоолд Засгийн газрын 2020 оны 46 дугаар тогтоол, 2021 оны 278 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орж, улсын үзлэг, тооллогын ажлыг 2022 онд багтаан явуулахыг даалгаж, төсөв нь батлагдсан.

Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04-р сарын 29-ний өдөр батлагдаж мөрдөж эхэлснээр хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглосон. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын суудлын автомашиныг татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газрын автобаз улсын төсөвт үйлдвэрийн газарт 230 автомашиныг татан төвлөрүүлж, шинээр автомашин авахыг хязгаарласан тул тэдгээр машинаас эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах зэрэг автомашин зайлшгүй хэрэгцээтэй салбарт шилжүүлэх, дуудлагаар худалдах ажлыг зохион байгуулж байна. Автомашинуудыг татан төвлөрүүлж, хэрэглээг хязгаарласнаар шатахуун, сэлбэг, даатгал, цалин, гаражийн зэрэг их хэмжээний зардлууд хэмнэгдэж байгаа.

Хуулийн хугацаанд улсын үзлэг, тооллого явуулах “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин "Кызыл яваад ирлээ" гэх утгатай ташаа мэдээлэл нийтлэгдсэнд залруулга хийх нь зөв болов уу. Юун түрүүнд бид хууль зөрчин, хувийн ашиг сонирхлын үүднээс албан томилолтоор яваагүй гэдийг хариуцлагатайгаар энд мэдэгдэж байна.

Тодруулбал, Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл миний бие, тус хэлтсийн мэргэжилтэн Н.Лхагважавын хамтаар төрийн өмчийн тооллогын ажлаар  тушаал шийдвэр, удирдамжийн дагуу Увс, Ховд, Баян-Өлгий аймаг дахь төрийн өмчит байгууллагуудад ажиллахаар албан томилолт авч ажилласан байдаг. Кызыл нь Увс аймгаас цааш автомашинаар зорчиход илүү ойрхон бөгөөд зорчих зардалд хэмнэлттэй гэдгийг хэн бүхэн мэдэх тул энэ ажлыг мөн хамтатган зохион байгуулсан.

“Төрийн хэмнэлтийн тухай хууль”-д аливаа албан томилолтыг олон улсын нислэг болон бизнес зэрэглэлээр зорчин хийхгүй байхыг тусгасан байгаа шүү дээ. Энэ үүднээсээ Увс аймагт албан томилолтоор ажиллах үедээ зардал хэмнэж Кызыл рүү автомашинаар зорчин, газар дээрх хяналт, шалгалт, тооллогын ажлыг зохих дүрэм, журмын дагуу Монгол Улсын Ерөнхий консулын газарт хийгээд ирсэн. 

Кызыл дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт хэрхэн ажиллав, тэнд байгаа төрийн өмчийн бүртгэл, ашиглалт аль түвшинд байна вэ?

Гадаад улсад буюу 40 гаран Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн Монгол улсын төрийн өмч байдаг юм шүү дээ. Үүнд газар, барилга, тээврийн хэрэгсэл болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бусад хөрөнгүүд хамаардаг. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадад байгаа эдгээр хөрөнгөд, газар дээр нь нүдээр үзэх үзлэг, тооллого, хяналтын ажил хийгдээгүй явсаар ирсэн. Түүнчлэн гадаадад байгаа төрийн өмчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа “Е- Mongolia”- системд оруулах ажлын эхлэл тавигдсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүст цаашид цахим систем рүү нарийн мэдээллийг хэрхэн оруулах, төрийн өмчийг зөв зүйтэй ашиглах, бүртгэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой сургалт хийх, туслан дэмжих, шалган зааварчлах ажлуудыг амжилттай зохион байгуулаад ирсэн. Сургалт зохион байгуулахын сацуу хөрөнгийн үзлэг тооллогыг зохих журмын дагуу газар дээр нь хийж, хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлт гаргаад ирсэн Дашрамд, Ерөнхий консулын газрынхан ч энэхүү ажилд идэвхийлэн оролцож, талархалтай хандаж байсныг дуулгахад таатай байна.

Төр өмчөө тоолж бүртгэлжүүлэх нь, Улсын хэмжээнд өмчийн бүртгэл, эдийн засгийн дүн шинжилгээ, төсөв төлөвлөгөөнд түлхэц болохуйц томоохон ажил юм

Кызылд хийгдсэн тооллогын арга ажиллагаа, процессын тухайд?

Тухайн байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдал, тэдгээрийн хэрхэн ашиглаж байна гэх зэрэг мэдээллийг албан ёсны батлагдсан маягтуудаар гаргаж тооллогын ажил хийгддэг. ОХУ-ын Тува улсад байгаа Монгол Улсын төрийн өмч болон газар ашиглах эрх ямар баримтаар, ямар хугацаа нөхцөлөөр баталгаажсан байдаг болон түүний үнэлгээ, хэмжээ, зэрэг мэдээллийг баталгаажуулсан.

Нэг үгээр хэлбэл зохих журмын дагуу холбогдох бүх баримт бичгийг цуглуулаад ирсэн гэсэн үг. Кадастрын зураг, солбицлын цэг, газар дээрх хөрөнгийн байршил зүйн зураг зэрэг нь суугаа орныхоо эрх зүйн нөхцөл байдлаар хэрхэн баталгаажив, барилгын дотоод зохион байгуулалт, дээвэр, шугам сүлжээ, халаалтын төрөл, хашаа хороог ямар байдалтай хийснийг нүдээр үзэн баталгаажуулав. Ингэхдээ шахуу буюу хоёр хоногт багтсан томилолт байсныг хэлэх нь зүйтэй.

Төр өөрийн өмчөө бүртгэн баталгаажуулж, шалган бүртгэх ажлыг илүү идэвхжүүлэх ёстой мэт санагдаж байна?

Монгол улс төрийн өөрийн өмч болон гадаадад буй өмч хөрөнгөө бүрэн бүтэн байгаа эсэх, чанар байдал болон зөв, зохистой ашиглаж байна уу гэдгийг хянаж байх шаардлагатай. Гэтэл төрийн өмчийн өмчлөх, эзэмших эрх хөндөгдсөн, хөрөнгө оруулалтын эсвэл түрээсийн маргаан үүсчихсэн, түүнийг нь шийдвэрлэхэд тодорхой хэмжээний зардал хэрэгтэй зэрэг олон асуудлууд бий.

Тэгвэл эдгээр хөрөнгийг газар дээр нь үзэж танилцан, Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомжид нийцүүлэн хөрөнгийн асуудлыг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэх, яавал зардал багатайгаар ашиглалт, үйлчилгээг авч явах вэ зэрэг дүгнэлтийг хийхэд анхаарч байна.

Төгсгөлд нь хэлэхэд үндэслэлгүй ташаа мэдээллээр төрийн байгууллагын хууль ёсны дагуу хийгдэж байгаа ажлыг харлуулж байгаа нь харамсалтай. Тиймээс олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах нь чухал юм.

Баярлалаа, танд амжилт хүсье

ШИНЭ МЭДЭЭ