СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай мэндчилгээ дэвшүүллээ
2022.10.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай мэндчилгээ дэвшүүллээ

Нийслэл хотынхоо томоохон бүрэлдэхүүн болж, өдрөөс өдөрт хөгжин дэвжиж буй Сонгинохайрхан дүүрэгт аж төрөн, ажил амьдралаа холбосон та бүхэндээ Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ой, Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын мэндийг  хүргэе.

Одоогоос 30 жилийн тэртээ Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар  хотын район хороонуудыг татан буулгаж, шинээр дүүрэг байгуулан, шинэ нэршил олгож, тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан. Энэхүү тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг Октябрийн 20 хороо, 28600 гаруй өрх, 128000 гаруй хүн амтайгаар өрх тусгаарлан засаг захиргааны нэгэн шинэ нэгжийг байгуулсан түүхтэй.  Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 100 Төлөөлөгч сонгогдон ажиллаж, орон нутагт  нутгийн өөрийн удирдах ёс төрийн удирдлагатай хослон хэрэгжиж эхэлсэн билээ.

Харин одоо Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой, 90 мянга гаруй өрхтэй, 350 мянга гаруй хүн амтай, нийслэлийн томоохон дүүргийн нэг болж өргөжин хөгжсөөр байна.

Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад өнгө нэмж, иргэн бүрт хүрсэн үйлчилгээг үзүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэхээр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Олон жил ужгирсан зөвшөөрөлгүй гарааш, чингэлгүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэдэд ээлтэй тохижилт бүтэн байгуулалтыг эхлүүллээ. Бид түүхэн хугацаандаа эрүүл мэндийн салбарт 35 жилийн дараа шав тавьж Монгол Улсад анхны олон улсын стандартад нийцсэн "Сонгинохайрхан жишиг нэгдсэн эмнэлэг"-ийг ашиглалтад оруулж чадсан. Ингэснээр дүүргийн маань иргэд эрүүл мэндийн үйлчилгээг дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг авдаг болсон. Мөн "Баянхошуу амбулатори – Нийслэлийн ахмадын эмнэлэг"-ийн өргөтгөн шинээр барьж ашиглалтад оруулсан. "Эрүүл мэндийн төв"-ийн өргөтгөл энэ цаг хугацаанд нээлтээ хийж байгаа баярт мэдээг дуулгахад таатай байна.

Боловсролын салбарт сүүлийн 13 жилийн хугацаанд 11 сургууль, 8 өргөтгөл шинээр барьж, суудлын тоо 9620-иор, 33 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр барьж 6210 хүүхдийн ороор нэмэгдүүлсэн.

2022 онд 10 сургууль, 9 цэцэрлэг шинээр барьж байгаа бөгөөд 2023 онд ашиглалтад оруулснаар манай дүүрэг боловсролын салбарын асуудлаа 100 хувь шийдэж чадах юм.

Дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 онд 21094 ширхэг буюу 632,250 метр урттай гэрэлтүүлэг бүрэн ашиглалтад орж, нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болж иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.  Дэд бүтцийн салбарт “Баянхошуу”, “Толгойт” дэд төвийн төслүүд хэрэгжиж орон сууцны хороолол сүндэрлэх боломж бий болсон. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд 60 гаруй км авто замыг гэр хорооллын дундуур тавьсан байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтыг хийсэн ололт амжилт бүтээлээр дүүрэн түүхт 30 жилийн ойгоо угтаж байна.

Хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая. Дүүргийнхээ түүхэн хөгжлийг бичилцэж яваа СОНГИНОХАЙРХАНЧУУД та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ