Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зөвлөхүүд Монгол Улсад ажиллаж байна
Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханы урилгаар Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөгжлийн салбарын зөвлөх Дэвид Симмонс, олон улсын зөвлөх, эксперт Барбара Пик нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж байна.
Тэд энэ хүрээнд модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломж, арга замын талаар үнэлгээ хийх, Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явцтай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх юм.
Тус үнэлгээний багийн бүрэлдэхүүн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох бусад албан тушаалтантай уулзаж, хуш модны самрыг бэлтгэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортод гаргах үе шатны зохицуулалт, үйлдвэрлэл, экспортын зарим статистик мэдээлэлтэй танилцав.
Уулзалтад Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Амгалан, Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл нар байлцаж, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгож газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөр тодорхойлогдсон чанар, нэр хүнд бүхий эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.