Дорнод аймагт "Мод үржүүлгийн газар байгуулж, ойн нөхөн сэргээлт хийх төсөл" хэрэгжинэ
2022.11.01
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Дорнод аймагт "Мод үржүүлгийн газар байгуулж, ойн нөхөн сэргээлт хийх төсөл" хэрэгжинэ

Дэлхийн ойн чуулганд Монгол улс оролцож төслүүдээ танилцуулж байсан бол эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) нь Ойн агентлагтай хамтран “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулж, чадавхыг бэхжүүлэх замаар ойн нөхөн сэргээлт хийх” 1 сая ам.долларын санхүүжилт бүхий төслийг Дорнод аймгийн Баян-Уул суманд ирэх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн зорилтот газар нутаг нь Эрээний нуруунд хамаарах бөгөөд Монгол орны хэмжээнд зөвхөн тус газарт Крыловын нарс, Дагуур шинэс, Чекановскийн шинэс гэсэн гурван зүйлийн шилмүүст мод тархсан байдгаараа онцлогтой. Эдгээрээс Монгол улсын “Улаан номд” Дагуур шинэс (Pinus daurica) орсон.

Тус биологийн олон янз байдлаар баялаг, экосистемийн онцлог газар нутаг болох Эрээний нуруунд ойн түймэр, хортон шавжаас үүдэлтэй ойн доройтол, хомсдол маш их талбайг хамарсан байдаг. Төслийн хүрээнд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь доройтолд орсон ойн санд ойжуулалт, нөхөн сэргээлт хийхээс өмнөх бүхий л бэлтгэл үе шатыг хангахад анхаарч ажиллах юм.

Төслийн гол зорилго нь: Их хэмжээний тарьц суулгац ургуулах чадамжтай дэвшилтэт мод үржүүлгийн газар байгуулж, ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэд болон холбогдох албан тушаалтнуудын чадавхыг бэхжүүлэн, цаашид төслийн зорилтот бүсүүдэд хийгдэх ойг нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээний бэлтгэл ажлыг бүрэн хангаж, эхний ээлжид 100 га газарт ойн нөхөн сэргээлтийн ажлыг туршилтын загвараар хийх юм.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих тус төслийн үр дүнд Эрээний нурууны онцлог экосистемийг хамгаалах, ойн нөөцийг хомсдолоос сэргийлэх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үндэсний болон олон улсын зорилтуудад хүрэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ