МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Цэргийн алба хаагч нарын дунд гардаг алдаануудын шалтгаан нь дүрмийн бус харилцаанаас эхлэлтэй
2022.11.02
Улстөр

Н.Энхболд: Цэргийн алба хаагч нарын дунд гардаг алдаануудын шалтгаан нь дүрмийн бус харилцаанаас эхлэлтэй

УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Энхболд илэрхийллээ.

Тэрбээр “С.Ганбямба генералыг зэвсэгт хүчний жанжин штабын даргаар нэрийн дэвшүүлж байгааг дэмжиж байна. Тиймээс хэдэн зүйлийг хэлье. Зэвсэгт хүчний салбарт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал бий. Хаалттай хуралдаанаар зэвсэгт хүчний зэвсэг техникийн хангамж, үйл ажиллагаа явуулах боломж нөөц зэрэг нарийн зүйлүүдтэй холбоотой асуудал яригдсан.

Жанжин штабын даргын хувьд уг асуудлыг зохих хүрээнд сайн ойлгуулахад анхаарч ажиллаарай. Бүх зүйл сайхан байна хэмээж ердөөсөө болохгүй. Байгаа хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд ажиллах хэрэгтэй.

Орчин үед уламжлалт бус зэвсгийг зэвсэгт мөргөлдөөнд хэрхэн ашиглаж, боломжийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт онцгой анхаарах шаардлагатай. Орон нутгийн хамгаалалт тусгай хүчний хэмжээнд хүрээгүй ч тэрхүү чиглэлээр бэлтгэгдсэн томилгоот бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй.

Жижиг атлаа үр дүнтэй байж болох чиглэлийн асуудлаа яамтайгаа хамтраад нарийн ажиллаарай гэж хүсэх байна. Захирах, захирагдах ёсны хувьд хуулиа чанд мөрдөж, хэн нь аль зүйлд хариуцлагатай ажиллах талаар дотооддоо зөв ойлголцохгүй бол янз бүрийн асуудал гарахад буруу шатнаас нь хариуцлага шаардаж эхэлдэг.

Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагч нарын дунд гардаг алдаануудын шалтгаан нь дүрмийн бус харилцаанаас эхлэлтэй байдаг. Тиймээс дүрмийн бус харилцаа огт байж болохгүй.

Залуучууд нэгэнт цэрэгт татагдаад ирсэн бол үүнээс хойших хариуцлагыг нь зэвсэгт хүчин, цэргийн байгууллага хүлээх ёстой. Доод болон дээд шатны удирдлагууд цэргүүддээ эцэг шиг нь хандаж байгаарай” хэмээн ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ